Саяхан болсон “Нэн түрүүн ХАБ-2016” бага хурлын үеэр ХИУ-н карьерт агаарын урсгал муугаас тоосжилт ихтэй байгаа нь ажилчдын эрүүл мэнд болоод техникийн эдэлгээнд муугаар нөлөөлөхүйц байна гэж Белазын жолооч нар шүүмжилсэн. Санал шүүмжлэлийн дагуу карьерын тоосжилтыг хэмжиж хариуг нь хэвлэлээр мэдээлнэ гэдгээ ХАБЭА-н хэлтсийн дарга мэдэгдсэн юм. Карьерт тоосжилтын хэмжээ ямар байгааг ХАБЭА-н лабораторийн эрхлэгч Ш.Мэндбаяраас тодрууллаа.
-ХАБЭА-н 2015 оны тайлангийн хурлын үеэр АТБ-ын белазын жолооч Гарам-Очирын гаргасан санал шүүмжлэлийн дагуу манай хэлтсээс ХИУ болон АТБ-ын ХАБЭА-н ажилтнуудыг оролцуулан зөвлөлгөөн хийж, тоосны хэмжилтийг 3 удаа, өөр өөр цаг хугацаанд хийхээр шийдсэн. Ингээд энэ сарын 12-13-нд хэмжилт хийхэд бидэнтэй ХИУ-н Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч Д.Уламмандах хамт явсан. Төв зам, ил талбай, ажиллаж буй техникийн кабинд тоос хэр байгааг хэмжсэн. Тоосны зөвшөөрөгдөх дээд хэмжээ 2 мг/м3 байдаг. ХИУ-н карьерийн хамгийн доод талын буюу уурхайн 1235 м-ийн түвшинд ямар нэгэн техник ажиллаагүй байсан. 1250 м-ийн түвшинд экскаватор ачилт хийж мөргөцгөөс нуралт үүсч байх үед хэмжихэд белаз болон бульдозерийн кабинд 0,8-1,3 мг/м3, ил талбайд 0,6-1 мг/м3 байсан. Уурхайн 1355 м-ийн түвшин дээр 2-3 белаз, грейдер, замын техник зөрөлдөн явах үед тоосны хэмжээ 1,5-2,1 мг/м3 байсан. Хамгийн их тоостой үе болох үүрээр хийсэн хэмжилтээр 0,7-0,9 мг/м3 тоос гарсан. Дээрх хэмжилтийн дүнгээр Ил уурхайн карьерт тоос зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүүгүй байсан. Агаарын урсгалыг хэмжихэд төв зам дээр 1,5-2,7 м/сек, уурхайн 1355 м-ийн түвшинд 1,5-6,7 м/сек салхитай байсан. Техник зөрж өнгөрөхөд тоос боссон ч 10 хүрэхгүй секийн дотор сарнисан. Энэ удаагийн хэмжилтээр тоосны хэмжээ гайгүй гарсан ч хаврын хуурайшилттай үед ихсэхийг үгүйсгэхгүй. Шаардлагатай үед манай лабораторийг дуудаж, хэмжилт шинжилгээ хийлгэх боломжтойг ХИУ-н мэргэжилтнүүд болон уурхайн техник эзэмшигчдэд бид хэлсэн. Манай эрүүл ахуйн лабораториос сар бүр ХИУ-н карьер, засварын талбай, тэсрэх бодисын үйлдвэрт хэмжилт хийдэг. Олон жилийн хэмжилтээс үзэхэд тоосны хэмжээ хамгийн ихдээ 3-4 мг/м3 гарч байсан. Биднийг хэмжилт хийсэн эхний өдрийн дараа ХИУ-аас магни хлор цацаж, цас оруулдаг машин ажиллуулан тоос дарах арга хэмжээ авсан.

Я.ЭНХТУЯА















