Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Судалгааны Төвийн инженерүүд исэлдсэн хүдэр боловсруулах гидрометаллургийн болон флотацийн технологийн судалгааны ажлаа үйлдвэрийн удирдлагуудад саяхан танилцуулав. Уг ажлыг инженерүүд 5 сарын турш хийжээ. Ирээдүйд уурхай ашиглалтын явцад гарах исэлдсэн хүдрийн нөөцийг уурхайн талбайгаас олборлох, зөөх зардал Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үндсэн үйлдвэрлэлийн зардалд тусгасан байдаг аж. Ирээдүйд бий болох нөөцийн нийт хэмжээ, эрдэс, элементийн шинжилгээ, олборлох календарчилсан төлөвлөгөө тодорхой бус учраас ойрын ирээдүйд бий болох исэлдсэн хүдрийн нөөцийг боловсруулах технологийн хувилбаруудыг харьцуулж, сонголт хийх, зэсийн үнийн прогнозтой уялдуулан цаашид барих бодлогоо төлөвлөх, шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай байна. Иймд исэлдсэн хүдрийн нөөцийг эдийн засгийн өгөөжтэй ашиглах технологийн хувилбар нь олон улсын практикт гидрометаллургийн ба флотацийн гэсэн 2 үндсэн арга юм. Энэ удаа судалгааны ажлын туршилтыг статистик төлөвлөлтийн программ ашиглан төлөвлөж, технологийн хүчин зүйлсийн нөлөөллийг загварчлах замаар эдгээр технологийн аль нь манай ордын исэлдсэн хүдрийн нөөцөд илүү тохирч эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэл явуулах боломжтойг тогтоожээ. Судалгааны ажлын үр дүнд үндэслэн одоо ил уурхайн ашиглалтын явцад гарч байгаа исэлдсэн хүдрийн 40 хувийн исэлдэлтийн зэрэгтэй, 0.5хувийн зэсийн агуулгатай хэсгийг “Heap” байгуулан уусгаж ашиглах эсвэл 20 хувийн исэлдэлтийн зэрэгтэй, 0.6 хувийн зэсийн агуулгатай хэсгийг флотацийн аргаар боловсруулах нь металл, зэсийн үнэ доогуур байгаа өнөөгийн нөхцөлд тохиромжтой гэсэн санал, зөвлөмж гаргажээ.



Т.БАТЧУЛУУН















