Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын анги төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд Хаягдлын аж ахуйн далан дээр цагаан тоосны шинж чанарыг судлах өрөмдлөгийн ажлыг эхлүүлжээ. Өрмийн нэгдүгээр ээлж 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр хаягдлын аж ахуйн далангийн тогворжилт, элсний шинж чанар гулсалтыг тогтоох зорилгоор энд өрөмдлөг хийж байна. Цагаан тоосны элсний бүтцийн шинж чанарыг тодорхойлж дээжийг судалгааны байгууллагуудад хүргэх зорилготой. Хаягдлын аж ахуйн далангийн 4 цооног өрөмдөх ажлаа нэгдүгээр сарын 11- ээс эхэлсэн бөгөөд одоогоор 45 метрийн урттай 3 цооногийг өрөмдөн дээж авсан байна. Одоо 70 метрийн урттай сүүлийн цооногоо өрөмдөж байна.
Эрдэнэт үйлдвэр Уралын уулын хүрээлэн, Чех улсын Геомон компани зэрэг байгууллагатай гэрээ байгуулан энэ чиглэлээр хамтран ажилладаг. Дээрх байгууллагууд усны түвшингийн үзүүлэлт, цагаан тоосны физик, механик шинж чанар, цаашид хэдий хэмжээний хаягдал агуулах боломжтой зэрэг үзүүлэлтийг жилд 2 удаа судалж тогтоодог ажээ.
Г.АЛТАНЦЭЦЭГ















