Ханхуур төслийн тайлан тоглолт 11-р сарын 30-нд Уурхайчин соёлын ордны тайзнаа тоглогдлоо. Уг тоглолтонд Монгол улсын Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан уригдан оролцсон. Хөгжим анги, Бүжиг анги, үйлдвэрийн ажилчид морин хуурын гайхамшигт хөг, ая бүхий бүтээлүүдээс тоглож, үзэгчдийн сонорыг мялаалаа. “Эрдэнэт” үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордон “Ханхуур” төслийг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд төслийн эхний шатанд дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид, үйлдвэрийн цех хэсгийн ажилтнууд нийлсэн 50 хүн хамрагджээ. Тэд сургагч багшаар төгсөж, бусаддаа зааж сургана. Монгол түмэн морин хуураа хоймортоо залж, гэрийнхээ жаврыг үргээдэг өв уламжлалыг “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон сэргээж таван жилийн дараа “Ханхуур” төслийн хүрээнд бүх ажилчин морин хуур хөгжим тоглож сурах юм.





















