Зэсийн үнэ 2016 оны 1-р сарын эхний 10 хоногт 4645-4355 ам.долларын хооронд хэлбэлзэж дунджаар 4503 ам.доллар байна. Зэсийн үнэ буурахад Хятадын эдийн засгийн байдал, өмчийн зах зээл, юаны ханшийн уналт нөлөөлсөн талаар судлаачид мэдээлж байна. Энэ оны 1-р сарын 9-нд Хятад улсад 12-р сарын үйлдвэрлэгчдийн үнийн индексийг -5,6 %-иар зарласан нь сүүлийн 46 сарын турш дараалан буурсан үзүүлэлт боллоо. Мөн хэрэглэгчийн үнийн индекс 12-р сард 1,6 % байсан нь урьдчилан тооцоолсноос (1.7% ) бага байна. Үүний зэрэгцээ 1-р сарын 11-ний өдөр Хятадын төв банк юаны ам.доллартай харьцах ханшийг 6,5626 –аар тогтоож нэг өдрийн дотор 0,51 % -иар бууруулсан нь 2015 оны 8-р сараас хойш гараагүй үзүүлэлт юм.
Үүний зэрэгцээ Шанхайн хөрөнгийн биржийн Shanghai Composite индекс 2016 оны арилжааны эхний өдрөөс эрс буурсан. Шанхайн хөрөнгийн биржийн уналтыг дагаад Япон, Австрали, Өмнөд Солонгосын биржүүдийн индексүүд унаж эхэлсэн бөгөөд Азийн зах зээл хямарч эхэлээ гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Хятад улсын нөөцийн газраас зэс худалдан авсан, Чилийн Cerro Colorado зэсийн уурхайд ажил хаялт гарсан зэрэг нааштай мэдээллүүд зах зээлд цацагдаж байгаа боловч зэсийн үнэ буурсан үзүүлэлттэй байна.

Г.Алтанцэцэг















