Баяжуулах фабрикийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн тохируулагч инженер Г. Энхбаяр тус үйлдвэрт 9 дэх жилдээ ажиллаж байгаа ч техник технологийн шинэчлэлийн хүрээнд олон ажил хийжээ. Тэр “Шууд утгуурт цахилгаан эксковаторт хосолсон статик хүчний хувиргагч ашиглах судалгаа” сэдвээр Улаанбаатар хотод Техникийн ухааны докторын зэрэг хамгаалаад иржээ.
ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн уул уурхайн үйлдвэрлэл технологийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлөөс түүний эрдмийн ажлыг 100 хувь гэж дүгнэсэн байна.
Г.Энхбаяр уурхайн үндсэн тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар эрдмийн ажил хийсэн нь Эрдэнэт үйлдвэрт төдийгүй Монголд анх удаа хийгдсэн эрдмийн ажил гэж Уул уурхайн үйлдвэрлэл технологийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлөөс онцолжээ.
Тэрээр үйлдвэрийн хэмжээнд ажил сайжруулах чиглэлээр 20 гаруй санал санаачилга гаргасны 15 нь сайн саналаар үнэлэгдсэн аж. Баяжуулах фабрикийн төв корпусын тээрмийн автоматжуулалтын чиглэлээр сэргээлтийн системийн шинэчлэл, хаягдлын аж ахуйн насос, шүүн хатаах хэсгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл шинэчлэлийн ажлуудад гар бие оролцсоны зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэн оюун ухаанаа сорин эрдмийн зэрэг хамгаалах ажлыг 6 жилийн судалгаан дээр үндэслэн хийж, амжилттай дуусгажээ.
Г.Алтанцэцэг















