Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсан хэдий ч Эрдэнэт үйлдвэр ХХК өөрийн нөөц боломжид түшиглэн Ган бөөрөнцөг цувих цехийн зуухны шинэчлэлийг 2015 онд хийсэн билээ. Ган бөөрөнцөг цехийн нүүрс хийжүүлэх зуух 2015 оны 11-р сард ашиглалтанд орсноос хойш 2800 тн ган бөөрөнцөг үйлдвэрлэжээ.
Тэд технологийн горимдоо нүүрсний илчлэгийг 30-90 мл байхаар төлөвлөж, “Олон овоот” ХХК, Шарын гол зэрэг нүүрсний уурхайгаас түүхий эдээ татан авч байна. Өргөтгөл хийгдсэнээр өдөрт 100 тн ган бөөрөнцөг үйлдвэрлэж байгаа бөгөөд сард 3000 тн ган бөөрөнцөг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Нүүрс илчлэг дэгдэмхий тал дээр шаардлага хангаж байгаа боловч зарим тохиолдолд хэт нунтаг нүүрс ирж хүндрэл учруулсаар байгаа ажээ. Гэвч тус цехийн ажилчид нүүрсийг шигшиж ангилан бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлд ашиглаж байна гэж Ган бөөрөнцөг цувих цехийн технологи хариуцсан инженер Н. Бэх-Очир ярилаа.
Г.АЛТАНЦЭЦЭГ















