“Эрдэнэт” үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн хамт олон 2015 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 12-р сарын 23-нд давуулан биелүүлж, 2016 оны ажилдаа оржээ. Тус хамт олон 12-р сарын 24-ний өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэв. Энэ үеэр Монгол улсын “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр 14 хүн, Уул уурхайн яамны жуух бичгээр 7, “Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбооны “Уурхайчин залуу” медалиар хоёр хүнийг шагнаж урамшууллаа. 2015 онд Хүдрийн ил уурхайд “Эрдэнэтийн Овоо” ордын нэгдсэн уурхайг байгуулан хил хязгаарыг өргөтгөх төслийг хэрэгжүүлснээр хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдүүлэн мөчлөгт-урсгалт тээврийн технологийн систем нэвтрүүлэх бэлтгэл ажил эхэлсэн байна. Уул геологийн нөхцөл жилээс жилд хүндэрч байгаа ч Хүдрийн ил уурхайн хамт олон хүдэр олборлолтын хэмжээг өсгөн үйлдвэрлэлийн түүхэн амжилтаа ахиулсаар иржээ.


У.Цэрэнбат















