Шүдний чулуу, өнгөр амны хөндийн ариун цэвэр муу сахиснаас үүсдэг. Өөрөөр хэлбэл шүдээ буруу угааснаас үүсэхээс гадна шүлсний зуурамтгай чанар ч нөлөөлдөг. Шүдний чулуу, өнгөр нь зовиур багатай учраас хүмүүс тэр бүр мэдэж, анзаардаггүй. Өнгөр нь шүдний ихэнх талбайг эзлэн шарлаж, яваандаа чулуу болон хувирдаг. Чулуу нь илүү тод харагддаг буйл шүд хоёрын завсраар түрж ургадгаас буйл үрэвсэж, эмгэг хөндий үүсгэдэг. Чулуу нь анзаарагдаж харагдахгүй тохиолдолд юуны өмнө шүдээ угаахад буйлнаас цус гарч, унтаад сэрэхэд амнаас гашилсан, эвгүй үнэр гарах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Шүдний чулуу түүлгэж авахуулсны дараа зургаан сард нэг удаа амны хөндийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй. Түүнээс гадна чулуу нь шүд хоорондын эрүүний яс таславчийг түрж ургаснаас эрүүний яс шимэгдэж, буйл ясаа дагаж агшсанаас болж шүд хөдөлгөөнд ордог. Энэ нь эцэстээ шүдгүйдэлд хүргэнэ. Хамгийн гол нь шүдээ өглөөний цайны дараа, орой яг унтахын өмнө зөв хөдөлгөөнөөр угааж занших ёстой. Шүдээ буруу угааснаас, оогоо зөв сонгоогүйгээс өнгөө алддаг. Шүдэнд цайруулах эмчилгээ хийхэд чулуутай ямар ч холбоогүй. Сүүлийн үед шүдний цоорлоос хамгаалахаас гадна цайруулах, шүдний чулуу, өнгөр үүсэхийн эсрэг үйлчилгээтэй оонууд худалдаалагдах болсон. Та оогоо зөв сонгож, шүдээ зөв угаагаарай.

ЭСА-ны НАС-ын эмчилгээний эмч Д.Цэцэгээ















