Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо, Баяжуулах фабрикаас хамтран зохион байгуулсан “Баяжуулагч-2015” чуулган өнгөрсөн баасан гарагт Ерөнхий захиргааны Сүлд танхимд боллоо. Чуулганд МАМБХ-ны Холбооны Хүндэт ерөнхийлөгч М.Дамдинсүрэн, Монголын уул уурхайн Үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, МАМБХ-ны Ёс зүйн хорооны дарга Г.Шархүү, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу нарын албаны хүмүүс, Монголын Уул уурхайн томоохон компаниудын төлөөлөл оролцлоо. Чуулганыг нээж МАМБХ-ны ерөнхийлөгч С.Давааням үг хэллээ. МАМБХ, Баяжуулах фабрикаас хамтран өрнүүлсэн Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Бямбаагийн нэрэмжит “Баяжуулагч-2015” аяны тайланг видео хэлбэрээр үзүүлэв. Мөн үеэр “Баяжуулагч” хэмээх хүндтэй сайхан мэргэжлийн талаар Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас бэлтгэсэн нэвтрүүлгийг сонирхуулсан. ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг Хөдөлмөрийн баатар Д.Бямбаад бэлэг дурсгалын зүйл гардуулав. Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Бямбаад алд цэнхэр хадаг, зэс домбо, 2015 онд Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулсан баяжуулагч Д.Даваасамбуу, Р.Дэлгэр, Р.Баяр, Техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан Ц.Цэнд-Аюуш, Д.Зоригтхүү нарыг алд цэнхэр хадаг, мөнгөн аягаар шагнав. Мөн МАМБХ-ны “Тэргүүний баяжуулагч”-аар 13 хүн шагнуулсныг гардуулан өглөө. “Шилдэг баяжуулагч”-аар Үйлдвэр техникийн хэлтсийн орлогч дарга Т.Түмэн-Өлзий тодорчээ. Баяжуулагч-2015 аяны хүрээнд зохиогдсон ажил мэргэжлийн болон, багш шавийн уралдаан, спортын тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулав.






























