Саяхан БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азийн зэсийн 11-р бага хуралд Эрдэнэт үйлдвэрээс Ерөнхий захирлын Худалдааны асуудал хариуцсан орлогч Б.Болдбаатар тэргүүтэй 7 төлөөлөгч оролцоод ирсэн. Үүнтэй холбогдуулан Б.Болдбаатар захирлаас зэсийн ханш унаж буй энэ цаг үед үйлдвэрийн захиргаанаас ямар үйл ажиллагаа авч хэрэгжүүлэх, бага хурлын зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрхэн тусгах талаар тодрууллаа.
-Өнөөдөр зэсийн ханш сүү-лийн жилүүдийн хамгийн бага түвшинд хүрч уналаа. Энэ үед Эрдэнэт үйлдвэр хэрхэн ажиллах вэ?
-Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш энэ оны сүүлийн хагас жилд огцом унаж байна. Өнөөдөр Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 4515 ам.доллар болж, сүүлийн 10-аад жилийн хамгийн бага ханшид хүрлээ. Зэсийн ханш унах урьдчилсан таамаглал байсан болохоор бид өнгөрсөн жилээс хямралын эс-рэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд өртөг зардлыг тодорхой хэмжээнд буурууллаа. Нэг тонн зэсийн өөрийн өртөг 6600 ам.доллар байсныг 5000 орчим доллар болголоо. Гэхдээ өнөөдөр манай бүтээгдэхүүний өөрийн өртгөөс зэсийн ханш буурсан үед ямар арга хэмжээ авахаа төлөвлөж байна. Үүнд бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, аль болох хямд худал-дан авалт хийх, үйлдвэрлэлийн бус зардлуудыг танах, бололцоотой хэмжээнд хэмнэлтийг бий бол-гох чиглэлээр дахин нарийвчлан авч үзнэ. Зэсийн ханш унасан энэ цаг үед хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа сайн нягталж хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллах шаардлага улам ихээр тавигдаж байна. Хамгийн гол нь үр ашгаа дээшлүүлэн, бага зард-лаар бүтээмжтэй ажиллах чиглэл баримтална.
-Азийн зэсийн 11-р бага хурлаар ямар асуудал авч хэлэлцэв?
-Тус хурлаар энэ онд зэсийн ханш хэрхэн унаж байгаа, түүний учир шалтгааныг судлаач эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн 2016, 2017 онд зэсийн ханш өсөх үү, эсвэл бууралт үргэлжлэх үү гэдэгт банк санхүүгийн байгууллагууд тодорхой санал оруулж байна. Судал-гааны байгууллагууд ерөнхий чиг хандлагыг тодорхойлдог бол банк санхүүгийн байгууллага бизнес хийдэг учраас дээрх асуудлыг илүү бодитой үнэлдэг. Тэд 2017 оны эхний хагас жил хүртэл зэсийн ханш өсөх-гүй гэсэн таамаглал дэвшүүлж байна.
-Зэсийн ханш багасахад юу нөлөөлж байна вэ?
-Үндсэн шалтгаан нь зэсийн зах зээлийн 50-иад хувийг эзэлдэг Хятадын эдийн засаг суларч байгаа. Хятадын эдийн засаг зөвхөн худал-дан авах талдаа биш, хөрөнгийн бирж дээрээ хямралтай байна. Иймээс хөрөнгө босгож, шинэ зүйл хийх үйл ажиллагаа хүлээлтийн байдалтай байна гэж банк санхүү-гийн байгууллагууд дүгнэж байна. Хятадын эдийн засаг суларч байгааг даган Европын болон дэлхийн эдийн засаг сайн биш байна. Зэсийн нийт хэрэглээний 70 орчим хувийг бүрдүүлдэг худалдан авагч тал нь хямралтай учраас зэсийн ханш уналттай байна. Үүнтэй холбог-дуулан зэс үйлдвэрлэгч томоохон компаниуд үйлдвэрээ хааж байна. Мэдээж үйлдвэр хаагдахад зэсийн илүүдэл арилж хомсдол бий болно. Хомсдол бий болсноор үнэ өсдөг. Гэхдээ энэ процесс нэг хоёр хоногийн дотор биш 6-7 сар, бүтэн жилийн турш үргэлжилдэг.
-Бага хурлын шийдвэр зөв-лөмжөөс Эрдэнэт үйлдвэрт хэрэг-жүүлэх зүйл бий байх?
-Зэсийн ханш буурч байгаатай зэрэгцэн бусад металл, нефтийн үнэ унаж байна. Тийм болохоор төмөр хийц болон нефтийг аль болох хямд зах зээлээс нийлүүлэх хэрэгтэй. Ам долларын ханш чангарч байгаа энэ үед суларч буй валют болох юань, рублиэр наймаа хийх хэрэгтэй гэх зэрэг практик зөвлөмж өгч байлаа. Бид эдгээр зөвлөмжийг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллана.
-Зэсийн ханш 4500 ам.доллараас багасвал яах вэ?
-Энэ асуудлыг бага хурлын үеэр ярьж байсан. Зэсийн ханш 4000-аас доош болбол яах вэ гэж. Эрсдэлийн менежментийг төлөвлө гэж зөвлөсөн. Ер нь дэлхийн зэсийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний өөрийн өрт-гийн дундаж хэмжээ 4500 ам доллар. Аль ч үйлдвэр энэ үед амиа тээх боломжтой. 4500 ам.доллар бусад орны хувьд ч “хоолойд” тулсан үнэ болоод байна л даа.
-Зэсийн ханш унаж, үйлдвэрийн эдийн засагт муугаар нөлөөлж буй энэ үед ажиллагчид хэрхэн ажиллавал зохилтой вэ?
-Үйлдвэрийн удирдлагын зүгээс хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа. Гэхдээ ажлын байрыг хад-галах, цалин бууруулахгүй байхыг хичээж байна. Энэ үед манай ажил-чид ажлын байрандаа бүтээмж дээшлүүлэх, зардал хэмнэх чиглэлээр сэтгэл гарган ажиллах хэрэгтэй. Хямралыг амжилттай давахын тулд бүгдээрээ сэтгэл санаа нэгдмэл байх хэрэгтэй. Өнөөдөр бид хамтын гэрээ хэлэлцэж байна. Энэ үед цалин нэмэх асуудал ярих нь зохимжгүй. Эрдэнэт үйлдвэр төдийгүй улс орон даяар эдийн засаг хүнд байхад аль аль талдаа ойлголцох хэрэгтэй. Зэсийн ханшийн уналт өмнө нь болж байсан үйл явц. Үүнийг бүгдээрээ сэтгэлийн хатаар даван туулъя гэж хэлмээр байна.
Я.ЭНХТУЯА















