“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн бүтээмж дээшлүүлэх “Эрдэнэт” хөтөлбөрийн 10 жилийн ой өнгөрөгч лхагва гаригт “Уурхайчин” соёлын ордонд боллоо. Ойн баярт оролцогчдыг Баяжуулах фабрикийн ажилчдын авъяаслаг хүүхдүүд хөгжим тоглон угтсан. Мөн бүтээмж чанарын дугуйлангууд өөрсдийн хийсэн бүтээснээрээ үзэсгэлэн гаргасан байлаа. Баяжуулах фабрикт 2005 онд хэрэгжиж эхэлсэн бүтээмжийн хөдөлгөөний үр дүнд үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд тасралтгүй нэмэгдэж, бүтээмж чанарын дугуйлангууд 2 тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гаргах төсөлт ажлуудыг санаачилжээ. 10 жилийн хугацаанд нийт 7060 сайн санал гарч, 390 сая төгрөгийг урамшуулалд зарцуулсан байна. Бүтээмжийн хөдөлгөөний хүрээнд 1 төгрөгийг зарж, 7 төгрөгийн ашиг олсныг бүтээмжийн менежер Л.Уранцэцэг тавьсан илтгэлдээ онцолсон. Азийн бүтээмжийн байгууллагын шинжээч “Эрдэнэт” хөтөлбөр нь Монгол улсын хэмжээнд нэвтрүүлэхүйц хөтөлбөр болжээ” гэж дүгнэсэн бол 2015 онд Монголын бүтээмжийн төвийн шинжээчид “Баяжуулах фабрикийн бүтээмжийн үйл ажиллааганы өнөөгийн түвшин, хүрсэн амжилт нь инновацийн тогтолцооны үндэс баттай тавигдсаныг илэрхийлж байна” гэж дүгнэжээ. “Бүтээлч өөдрөг санааны үнэ цэнэ” чуулганы төгсгөлд Баяжуулах фабрикийн бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэхэд бусдыгаа хошуучлан оролцсон ажилтнуудаа шагнаж урамшуулав.














У.Цэрэнбат















