Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл 2016-2017 онд хэрэгжих хамтын гэрээний эхний хэлэлцүүлгийг өнөөдөр хийв. ҮЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар тус хамтын гэрээний төслийг хэлэлцэн боловсруулсан бөгөөд боловсруулахдаа үйлдвэрийн 850 ажилчны саналыг тусгажээ. Хамтын гэрээ нь хоёр жил тутамд шинэчлэгдэн батлагддаг. 2014-2015 оны гэрээг дүгнэх, 2016-2017 оны гэрээний төслийг батлах ажлын хэсгийг байгуулах тухай компанийн Ерөнхий захирлын шийдвэр гарсныг өнөөдөр танилцуулсан. Компанийн хэмжээнд хэрэгждэг хамтын гэрээ нь ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн хамгааллын асуудлыг хамгаалж баталгаажуулдаг. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнуудын эрх ашиг ч хамтын гэрээгээр хамгаалагддаг юм.


У.Цэрэнбат















