“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн захиргаа өнөөдөр “Халамжлан хүмүүжүүлэгч багш шавь” уралдаант аяны явцыг ажилчдад танилцууллаа. Тус аянд баяжуулалтын өргөн мэргэжил, цахилгаан механикийн мэргэжлээр 77 ажилчин хамрагдсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Баяжуулах фабрикийн нийт ажилчдын 40 гаруй хувь нь залуу боловсон хүчнээр солигдсон. Залуу ажилчдад үйлдвэрлэлийн дадлага эзэмшүүлэх, олон жил ажилласан ажилчдаас туршлага судлуулах зорилгоор энэхүү аян явагдаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаа, 9 мэргэжлээр ур чадварын уралдаан, явган аялал зэрэг олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулжээ. Цаашид 10, 11-р сард залуу ажилчдын дунд “Миний үйлдвэр-Миний бахархал” сэдэвт уран бичлэгийн уралдаан, АХА тэмцээн, хуулийн сургалт, ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулах аж. Дээрх ажлууд нь Баяжуулах фабрик, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо хамтран зохион байгуулж буй “Баяжуулагч-2015” аяны үргэлжлэл юм.
У.Цэрэнбат















