Булган аймгийн Могод сумын уугуул, Монгол улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг агсны нэрэмжит улсын уралдаан Булган аймгийн Хөгжимт драмын театрт амжилттай зохион байгуулагдлаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд үргэлжилсэн тус тэмцээнд хот, хөдөөгийн 78 уран бүтээлч өрсөлдөв. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Б.Батбаатар нэгдүгээр байранд шалгарч, Гран-При цом, 5 сая төгрөгийн эзэн боллоо. Хоёрдугаар байранд Булган аймгийн Хөгжимт бүжгийн чуулгын дуучин Б.Чинсанаа, гуравдугаар байранд ҮДБЭЧ-ын дуучин П.Баярмагнай оров. Мөн үзэгчид, шүүгчид, хөгжмийн зохиолчдын нэрэмжит шагналтнуудыг тодруулсан.
“Дууны хорвоо-II” улсын уралдааныг Ардын жүжигчин Б.Жавзандулам, Д.Самбуу, МУГЖ Д.Долгормаа, СГЗ, хөгжмийн тоймч Ч.Буянхишиг, хөгжмийн зохиолч С.Тараа, Цэн.Эрдэнэбат нар шүүн явуулав. Булган аймгийн ЗДТГ, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо хамтран зохион байгуулсан энэхүү уралдааны анхных нь арван жилийн тэртээ 2005 онд зохиогдож байв. Энэ удаагийн тэмцээний хамрах хүрээ өргөжиж Өвөр Монголоос гурван дуучин оролцсон. Иймд дараагийн уралдааныг олон улсын чанартай болгоно гэж зохион байгуулагчид нь хэлж байлаа.
У.Цэрэнбат















