Орхон аймгийн Статистикийн хэлтэс энэ оны эхний найман сарын тухайд эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Аймгийн эдийн засагт хэд хэдэн эерэг үзүүлэлт гарчээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад орон нутгийн төсвийн орлого 90,4 хувиар нэмэгдсэн байна. Үүнд тусгай зориулалтын шилжүүлгийн орлогыг орон нутгийн төсөвт оруулж тооцсон нь нөлөөлжээ. Мөн нийгмийн даатгалын сан, авто тээвэр, нийтийн аж ахуй зэргийн орлого 11-18 хувиар нэмэгдсэн байна. Оны эхний найман сарын байдлаар орон нутгийн төсөвт 49,5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь гүйцэтгэлийг 100 давсан хувиар биелүүлжээ. Нийгмийн салбарт гарсан эерэг үзүүлэлтээс дурьдвал ажлын байр, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэж, нас баралт, нялхасын эндэгдэл багассан байна. Тайлант хугацаанд 2037 хүн ажлын байртай болжээ. Үүний 37,7 хувь нь буюу 769 нь боловсруулах, худалдаа, барилгын салбарт шинээр бий болсон ажлын байр байна.




У.Цэрэнбат















