Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймагт ажиллалаа. Тэрбээр 1981 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй “Эрдэнэт хивс” ХХК-ийн техник, технологийн шинэчлэлтэй танилцав. Тус компани Чингис бондын хөрөнгөөс 22,4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, үйлдвэртээ шинэчлэл хийсэн. Технологийн шинэчлэл хийж, хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцсэн бүтээгдэхүүнээр дотоодын хивсний зах зээлийн 75 хувийг дангаар хангаж байгаа юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Орхон аймгийн “Эрдэнэт гурил” ХХК-ийн үйлдвэртэй мөн танилцсан. Тус үйлдвэр Турк улсын Алапала фирмийн босоо технологи бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэхүү технологи нь усыг 12 дахин бага, эрчим хүчийг 25 хувь бага зарцуулдаг байгаль орчинд ээлтэй, шинэ үеийн бүрэн автоматжсан, компьютер удирдлагын системтэй ажээ. Улаан буудай, хөх тарианы гурил, хорголжин болон нунтаг тэжээл гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэртэй танилцах үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Турк улсын хөрөнгө оруулалтаар цоо шинэ гурилын үйлдвэр бариад зүтгэж байгаа нь сайхан санагдаж байна. Тодорхой бодлогоо гаргаж, яамтайгаа санамж бичиг байгуулан, эцсийн бүтээгдэхүүний үнэ дээр тохирч, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай нягт ажиллах хэрэгтэй. Хүндрэлтэй жил ч гэсэн өөрсдийн боломжоор том алхам хийх нь чухал” гэж хэллээ.
Монгол улсын анхны лед гэрлийн үйлдвэрээр Ерөнхий сайд Орхон аймагт ажиллахдаа зочиллоо. “Эрдэнэт” үйлдвэрийн залуу инженерүүдийн байгуулсан тус үйлдвэр нь цахилгаан зарцуулалт бага, байгальд ээлтэй, ашиглалтын хугацаа урт лед гэрлийг үйлдвэрлэн дотооддоо нийлүүлж байгаа аж. Цаашид борлуулалтаа нэмэгдүүлэн, Улаанбаатар, Эрдэнэт хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, гудамж талбайн гэрэлтүүлгийг хийх боломжтой гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус үйлдвэрийн залуу удирдлагуудад зөвлөлөө.




















