Жолоочийн зөрчлийн ерөнхий онооны дээд хэмжээ 10 байхаар журамд заажээ. Хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм зөрчсөн үйлдлийн нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноог жолоочоос хасна. Тодруулбал, тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй бол 2 оноо, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлсэн бол 1 оноо, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол 1 оноо, улсын бүртгэлийн дугааргүй, дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол 2 оноо хасах юм. Мөн тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол 3 оноо, зам тээврийн осолд холбогдож, Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид 2 оноо, замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй бол 1 оноо хасна. Хэрэв жолооч гэрлэн дохио зөрчин замын хөдөлгөөнд оролцвол 1 оноо, хурд хэтрүүлсэн бол 2 оноо, түрүүлэхийг хориглосон газарт гүйцвэл 2 оноо, явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол 2 оноо хасуулах юм.
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна.
















