“Бүтээмж инноваци - Урамшуулал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт “Эрдэнэт” үйлдвэрийн захиргааны 1-р байрны хурлын танимд “Бүтээмж инноваци-Урамшуулал” сэдэвт хэлэлцүүлэг явагдлаа. Энэхүү хэлэлцүүлэгт үйлдвэрийн удирдлагууд болон хэлтэс, цех нэгжийн дарга, эдийн засагчид, бүтээмжийн менежер, чиглүүлэгч нарын 100 гаруй хүн оролцов. 
Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу энэхүү хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: “...2015 оны эхний хэлэлцүүлэг бүтээмж инновацийн асуудлаар эхэлсэн нь учиртай. Үйлдвэрийн хэмнэлтийн бодлоготой уялдуулж,  Бүтээмж инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм. Ерөнхий захирлын 2013 оны А/92 тоот “Инновацийн тогтолцоог бүрдүүлэх тухай” тушаал гарснаар Хөгжлийн хэлтсийн харъяанд  Инновацийн төв байгуулагдаж компанийн инновацийн тогтолцоо бүрдүүлэх анхны алхам хийгдсэн. 2014 оны 2-р хагаст чуулсан компанийн “1000 инженерийн зөвлөлгөөн”-өөс гарсан зөвлөмжийн дагуу  Бүтээмж инновацийн журам, Бүтээмж инновацийн сангийн түр журам батлагдаж, Инновацийн төв нь 11-р сараас 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид бүтээмж, инновацийн үйл ажиллагааны урамшууллыг илүү боловсронгуй болгох, эрчимжүүлэх зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байна. Бүтээмж инновацийн төвд олон чиглэлийн төслүүд ирсэн. Өнгөрсөн онд манай үйлдвэрийг тойроод олон жижиг дунд үйлдвэр байгуулагдсан нь аймгийн болон үйлдвэрийн бодлого зөв явж байгаагийн илрэл. Эдийн засгийн өндөр үр ашигтай, шинжлэх ухаан, практикийн илүү ач холбогдолтой төслүүд нь инновацийн төслөөр хэрэгжинэ” гэж онцлов. 
Дараа нь Хөгжлийн хэлтсийн бүтээмж инновацийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Дашдорж “Компанийн бүтээмж, инновацийн үйл ажиллагааны хэрэгжилт, цаашдын зорилт”, Технологийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Х.Оюунтунгалаг “Бүтээмж инновацийн сургалтын үйл ажиллагааны тухай”, ЭЗМХ-ийн цалин хөлс урамшууллын товчооны дарга Б.Зоригтбаатар “Цалин урамшууллын системийг бүтээмжтэй уялдуулах нь” сэдвээр илтгэл тавилаа. Тавигдсан илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогч зарим хүн санал хүсэлт гаргав. 
Хөгжлийн хэлтсийн дарга Х.Владимир: “Бүтээмж инновацийн чиглэлээр гурван гол зүйл бий. Сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага хариуцаад явж байгаа. Бүтээмжийн тухайд яг тухайн ажлын байран дээр нь хэмжиж тодорхойлох асуудал, бүтээмжийн төсөл хөтөлбөрийн үр ашиг нь тайлан баланс дээр тусгагдаж байгаа эсэхийг тодорхой болгох хэрэгтэй. Инновацийн чиглэлээр янз янзын санал, төсөл ирж байна. Инновацийн төслүүдийг тодорхой чиглэлээр багцлах хэрэгтэй. Эрчим хүч, ил уурхайн олборлолт,   мэдээллийн технологи автоматжуулалт зэрэг чиглэлээр инновацийн төслийн баг бүрдүүлж инженерүүдээ ажиллуулах шаардлагатай. 
ХАБЭАХ-ийн бүтээмжийн менежер Л.Батгэрэл:  ХАБЭА-н ажилтнуудын дунд судалгаа хийж үзэхэд цех нэгжийн ажлын байрны 80 хувьд 5 сайн үйлсийн хэрэгжилт тааруу, 5 сайн үйлсийн ажилд оролцож буй ХАБ-ын ажилтнуудын оролцоо 80 орчим хувь нь хангалтгүй гэж гарсан байна. 5 сайн үйлсийг ХАБ-ын нэг бүрэлдэхүүн болгоход ХАБ-ын ажилтнуудын оролцоо, манлайлал их чухал. Бүтээмж инновацийн сургалтыг хийхдээ компанийн хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөн шинээр эхэлж байгаа гэдэг үүднээс харж судалгаатай явуулах хэрэгтэй. Бүтээмж гэсэн нэрийн дор хүнээ хөгжүүлэх ойлголт явдаг. 
ЭЗМХ-ийн орлогч дарга Д.Галбаатар: ЭЗМХ-ээс хийсэн мэдээллийг Өрсөлдөх чадвараас эхэлсэн. Өнөөдөр өрсөлдөх чадварыг бүтээгдэхүүний, ажилтны, байгууллагын гэсэн 3 түвшинд судалж байна. Манай үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь зэсийн баяжмал бөгөөд геологи уул уурхайн нөхцөл, бусад хүчин зүйлээс болж дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурч байна. Энд бүтээмж инновацийн асуудлыг яаж чиглүүлэх ёстой вэ гэсэн санааг 1-рт дэвшүүлсэн. 2-рт ажилтны өрсөлдөх чадвар, Дэлхийн дунджаар Баяжуулах үйлдвэрлэл дээр нэг хүнд ноогдох хөдөлмөрийн бүтээмж 65 тн/цаг, байдаг бол манайд 13тн/цаг байгаа. Бүтээмж инновацийн үйл ажиллагааг судлаад үзэхээр үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн бүтээмж өссөнгүй, цалин хэд дахин өссөн байна. Энэ нь бид бүтээмж инновацийн үйл ажиллагааг эцсийн үр дүнтэй, хэмжилттэй холбож өгч чадаагүйгээс болсон. Бүх захирлуудын түвшинд бүтээмжийг яаж хэмжих ёстой вэ гэсэн үзүүлэлтүүд маш сайн гарсан байгаа. Яг энэ т¿вшний үнэлгээг цехээс биш ажлын процесс, ажлын байрнаас эхлэх ёстой. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт цалин хөлсний системийн урамшууллын ач холбогдол их багассан. Сая хийсэн судалгаагаар зарим  цехэд цалингийн хөдөлдөг хэсэг нийт цалингийн сангийн дунджаар 2-7 хувийг эзэлж байна. Ийм зүйлээр энэ том бодлогыг урамшуулж чадахгүй. Энэ ажлыг хийхэд дээрээс захиргаадахгүй. Хүний хийсэн ажлыг ил тод, зөв үнэлдэг систем рүү шилжих бодлого барьж байна. Энэ ажилд манай үйлдвэрийн хүн бүрийн оролцоо хамааралтай. 
БФ-ийн бүтээмжийн менежер Л.Уранцэцэг: БФ-т бүтээмжийн хөдөлгөөн 2005 оноос хэрэгжиж эхэлснээр олон бодит үр дүн гарсан. Энэ жилээс эхлэн бид энэ үр дүнг баталгаажуулах чиглэлээр ажиллаж байна. 2013 онд БФ-т бүтээмж, чанарын дугуйлангууд хэрэгжүүлээд үр дүн нь гарсан 3 төслийг Бүтээмж инновацийн төв рүү явуулаад өнгөрсөн долоо хоногт шинжээчийн баг очиж ажилласан. Шинжээчийн багийн тавьж буй шаардлагаар төслүүдээс бий болсон үр ашгийг эдийн засгийн тайлан баланс дээр тусгаж, бизнес төлөвлөгөөнөөс хасалт хийж  баталгаажуулна гэсэн шаардлага тавьж байгаа. Гэтэл саяны 3 төсөл дээр жишээ авахад олон тэрбум төгрөгөөр хэмжигдэхүйц өртөг зардалтай БФ-ийн нийт дүн мэдээлэлд эдгээр төслүүдийн хэмнэсэн дүн нь өчүүхэн бага хувийг эзэлж, тайлан баланс дээр шууд харагдах, бизнес төлөвлөгөөнд тусгах, норм бууруулахад хүндрэлтэй байна. Тиймээс төслүүдээс гарч байгаа эдийн засгийн үр ашгийг тооцох, тайлан баланс дээр тусгах талаар ЭЗМХ-ээс тодорхой аргачлал боловсруулж нэвтрүүлэх нь зүйтэй. “5 сайн үйлс”-ийг ХАБ-д шилжүүлсэн гэж байна. Энэ тал дээр хоорондоо харилцан уялдаатай ажиллах хэрэгтэй. 5 сайн үйлс нь бүтээмжийн хөдөлгөөний тулгын 3 чулуу гэдэг шиг бүтээмж, чанарын дугуйлан, сайн саналын системтэй салшгүй уялдаатай хэрэгждэг аргууд.  Иймээс эдгээр аргыг салгаад тусад нь авч үзэх нь зохисгүй. 
Хэлэлцүүлгийн төгсгөлд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн үг хэлэв. Тэрбээр:. Шинэ оны мэнд хүргэе. Өнөөдөр бид чухал асуудлаар зөвлөлдөж байна. Бидний байнга ярьдаг зүйл Эрдэнэтийг өөрсдөө хөгжүүлэх явдал юм. Хэн яаж гэдэг нь асуудлын гол нь. Бүтээмж инноваци бол бид үйлдвэрээ хөгжүүлж, сайн сайхан болгон авч явах гол хөшүүрэг юм. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр сургалтууд явж, бүтээмж чанарын дугуйлангууд ажиллаж, бодитой санаачилгатай ажилласан олон хүмүүс бий. Цаашдаа бид бүтээмж инновацийг ажил болгох хэрэгтэй. Инноваци бүтээмжийн аль аль нь ерөөсөө хүний санаачилга, идэвх, оюуны чадавхийг үнэлэх асуудал. Түүнийг эргэлтэнд оруулах, сайн санал гаргадаг, идэвхтэй ажилладаг, юм бодож сэтгэдэг хүмүүсийн тэр бодож сэтгэсэн зүйл нь ажил хэрэг болж энэ үйлдвэрийг хөгжүүлэхийн төлөө үйлчлэх ёстой. Энэ бүхнийг үйлдвэрийн зүгээс шударга үнэлж, урамшуулах хэрэгтэй. Энэ механизм хүчтэй үйлчилснээр бид зах зээлийн нийгэмд оршин тогтнож чадна, тэгж байж үйлдвэр хөгжинө. Монгол улсад инновацийн тухай хууль гарсан, бүтээмжээ, инновациа ажил болгоё. Бүтээмж, инновацийн ажлын чиглэлээр, хүн идэвх санаачилга гаргаад, сайн юм хийе, гэхэд тэрийг нь хүлээж авдаггүй, дэмждэггүй, ажил болгодоггүй гомдол манай ажилчдын дунд их бий. Үүнийг шударга урамшуулаад өгчихвөл бүтээмж инноваци ажил болоод  хэрэгжээд явна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зүгээс ч гэсэн бүтээмж инноваци чиглэл рүүгээ хандсан шаардлагуудыг бидэнд тавих биш, зүгээр суурь цалин нэм гэж шаарддаг. Энэ нь хоёр талтай. Нэг талдаа хэтэрхий бэлэнчлэх хандлага руу явуулж байна. Нөгөө талдаа ажилчдын цалин нэмэгдвэл ҮЭ-ийн татвар нэмэгдэнэ, энэ нь хүн рүүгээ хандсан, юм боддог, сэтгэдэг чадвартай хүний орлого өндөр байх ёстой гэдэг агуулгаар биш, нийт татвар төлөгчдийн чадвар сайн байх ёстой гэсэн утгаар хандвал бидний хамтын ажиллагааны агуулга зөв бишийг харуулна. Тиймээс бид суурь цалингаа нэмэхээс илүү хүмүүсийн идэвх санаачилгыг өрнүүлэх нэмэгдэл цалингуудыг, тэр механизмыг сайжруулах ёстой. Өөрөөр хэлбэл бүтээмжийн сайн санал, тооцоог бид ажилчдаасаа худалдаж авна гэсэн үг. Инноваци гэдэг нь таны оюуны бүтээлийг худалдаж авч энэ үйлдвэрт ажил хэрэг болгох асуудал. Ерөөсөө гол санаа нь энэ. Энэ чиглэлүүд нь тус тусдаа хөгжсөн шинжлэх ухааны том салбарууд, гэхдээ бид үүнийг товчхон ойлгоод хурдан ажилдаа хэрэгжүүлэх нь чухал. Гаднаас ирсэн сайн санаануудыг бид авч хэрэгжүүлэхгүй, хүнд суртал гаргадаг жишээ манай үйлдвэр дээр зөндөө бий. Энэ нь бүтээмж инновацийг хөгжүүлэхэд саад учируулдаг. Эцэст нь бүтээмж инновацийг хөгжүүлснээр бид ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжрах ёстой. Өөдлөх айл үүднээсээ гэж Монголчууд ярьдаг. Бидэнд боломж байна. Инновацийг удирдаж чадвал үйлдвэрийн техник технологио орчин үеийн шинжлэх ухааны хөгжилтэй уялдуулаад аваад явах боломжтой. Тэрнээс биш гадаадын шинжлэх ухааны байгууллагуудыг манайд ирээд тийм юм сайжруулаад өгөөч гээд мөнгө төлөөд яваад байж болохгүй. “Эрдэнэт” Монгол улсын тэргүүлэх үйлдвэр, уул уурхайн салбарт хамгийн их туршлага хуримтлуулсан,  чадварлаг ажилтнуудтай гэж ярьдаг. Манай үйлдвэрээр бахархдаг. Энэ бахархлын ард манай ИТА-ын оюуны чадамж байгаа, тэр оюуны чадамж ажил болж үйлдвэртээ эргэлтэнд орох ёстой. Тэрийг инновациар хийгээсэй. Бид эндээс мянга уриалаад,  албадаад нэмэргүй, нэгэнт зах зээлд амьдарч байгаа учраас зах зээлийн эдийн засгийн сайн хөшүүрэг хэрэгтэй. Тэгж байж эцсийн үр дүнд  хүний санаа, мэддэг чаддаг зүйл ажил болж хэрэгжинэ. Хоёр хүний илүү бүтээлч санаачилгатай нь илүү орлоготой байх тэр нөхцөлийг бид бүрдүүлэх ёстой, тэр механизмыг хурдан хийх шаардлагатай. Хэлэлцүүлгийн гол асуудал ердөө энэ. Бүтээмж инновацийн батлагдсан журамтай холбоотой сайжруулалтын санаа дэвшүүлэх, хэлэлцэх асуудал нээлттэй учраас та бүхэн энэ тал дээр идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй байна. Хүний санааг маш хурдан үнэлдэг, урамшуулдаг байх нь өөрөө бизнесийн хурд юм. Үйлдвэрийн бүтээмжээ сайжруулах, өртөг зардлаа бууруулахыг зах зээлийн нөхцөл биднээс шаардаж байна. Хилээс 1000 гаруй  километрийн зайд, баяжмалын чанар, агуулга харьцангуй Оюутолгойгоос доогуур байгаа өнөөгийн нөхцөлд бидэнд өрсөлдөх чадвар харьцангуй бага. Бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын төлөө ажиллах ёстой. Биднээс хамаарах, хамаарахгүй   олон зүйл байгаа. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах тал дээр технологийн судалгаанууд хийж дагавар элементүүд, хортой бодисуудыг ялгаж авах, багасгах чиглэлээр сайн ажиллахгүй бол Хятад өнөөдөр  хар тугалга, фтор, фосфор, хүхэр зэрэг  5 элемент дээр хориг тавьж эхэлсэн. Баяжмал дотор эдгээр элементүүд байгаа нь зах зээл дээр бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулж байдаг.Үүнийг сайжруулахын төлөө өөрсдөө ажиллаж, дотоод нөөц бололцоогоо сайн ашиглах хэрэгтэй. Гадны байгууллага, шинжлэх ухааны институт руу хандаж их хэмжээний мөнгө төлж байхаар өөрсдөө олж авсан мэдлэг, туршлагаараа ажлаа сайжруулах цаг  болсон. Манай үйлдвэрийн чадварлаг, оюунлаг инженерүүд, ажилчдын 35 жил хуримтлуулсан мэдлэг ажил хэрэг болоод хэрэгжвэл үйлдвэр өөрөө хөгжинө. Бүгдэд нь ажлын амжилт хүсье гэв. Түүнчлэн бүтээмж инновацийн үйл ажиллагааг илүү сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор хэлэлцүүлэгт оролцогчдоос бичгээр санал авахад 15 хүнээс 36 санал ирүүлсэн байв. Хэлэлцүүлгээс гарах зөвлөмжийн саналыг Бүтээмж инновацийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Дашдорж танилцуулж оролцогчдын саналыг тусган хэлэлцэв. Бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг зардлыг бууруулах, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, бүтээмж инновацийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах зөвлөмжийг гаргав. 
Хэлэлцүүлгийн зөвлөмж
-Бүтээмжийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хөдөлмөрийн болон тоног төхөрөөмжийн бүтээмжийн үр дүнтэй нягт уялдуулан компанийн анхан шатны нэгж-ажлын байрны үйлдвэрлэл, эдийн засгийн төлөв-лөлтийг боловсронгуй болгох замаар цех, нэгжид бүтээмжийн хэмжилтийн тогтолцоог нэвтрүүлэх;
-Бүтээмжийн үзүүлэлтүүдийн хэмжилт дээр суурилсан гүйцэтгэлийн гол үзүүлэлтийн урамшууллын системийг компанид хэрэгжүүлэх; 
-Шинжлэх ухаан технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан инновацийн үр ашигтай төслүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ;
-Инновацийн төв, үйлдвэрлэлийн шууд удирдлагын хэлтсүүд хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаанд тулгуурласан инновацийн тогтолцоог бүрдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэх;
-Бүтээмж инновацийн үйл ажиллагааны үр дүнгийн урамшууллыг компанид мөрдөгдөж байгаа “Онцгой даалгавар (ажил) гүйцэтгэсэн ажилтныг урамшуулах”, “Жилийн ажлын үр дүнгээр урамшуулал олгох”, “Ажилтанд нэг удаагийн шагнал олгох” журамд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх;
Ийнхүү “Бүтээмж инноваци-Урамшуулал” сэдэвт хэлэлцүүлэг ажилтнуудын санал бодлыг тусгасан ажил хэрэгч, үр дүнтэй болж өндөрлөлөө. 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %