Монгол-Германы хамтын ажиллагааны “Ногоон Эрдэнэт” нийгэмлэгийн удирдах зөвлөл 8-р сарын 12-нд анхны хурлаа хийж цаашдын үйл ажиллагааныхаа чиглэлийг ярилцсан байна. Орхон аймгийн Засаг даргын орлогч, “Ногоон Эрдэнэт” төслийн санаачлагч Д.Энхбатаас дараах асуултанд хариулт авлаа.
- “Ногоон Эрдэнэт” нийгэмлэг цаашид Орхон аймагт ямар томоохон ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Орхон аймаг Германы “Геотех роштефф” компанитай хамтын ажиллгааны гэрээ байгуулж хамтарч ажиллаад 2 жил гаруй болж байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд бид хэд хэдэн асуудал шийдэхийг зорьсон. Нэгдүгээрт, Герман-Монголын хамтын ажиллагааны “Ногоон Эрдэнэт” нийгэмлэг байгуулж ажиллах. Энэ нийгэмлэгийн гишүүн байгууллагаар нь “Эрдэнэт” үйлдвэр, Германы “Геотех роштефф” компани ажиллаж байгаа. Энэ нийгэмлэгийн удирдах зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй. Манай нийгэмлэг Эрдэнэт хотод хэрэгжүүлж байгаа “Ногоон Эрдэнэт” төслийн үйл ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг юуны өмнө хийхээр төлөвлөөд байна.
Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийн олборлолтонд өртөж буй 18,5 га газарт орших 30 гаруй ургамлын болон ан амьтан, биологийн төрөл зүйлтэй хөрс бүхий бүтцийг Баян-Өндөр ууланд нүүлгэн шилжүүлж нутагшуулна. Үүний эхлэл болгож “Ногоон Эрдэнэт” төслийн нээлтийг энэ оны 10-р сарын 13-нд хийнэ. Дээрх нүүлгэн шилжүүлэлт хийх 150 мянган еврогийн өртөгтэй тоног төхөөрөмжийг Германы тал манайд нийлүүлэх юм. Тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардлыг хаанаас хэрхэн гаргах талаар ч бас ярилцлаа. Мөн төслийн нээлтэд Монгол, Германы Ерөнхийлөгч нарыг оролцуулах боломж байгаа эсэх талаар хоёр улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай ярилцаж байна. Учир нь энэ үеэр Германы Ерөнхийлөгч Монгол улсад албан ёсны айлчлал хийх тул бид дээрх саналыг тавьж байгаа юм.
Хоёрдугаарт, төслийн нээлтийг угтан 9-р сарын 5-наас 10- сарын 5 хүртэл “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хэлэлцүүлгийг ард иргэд, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн, инженерүүд гээд өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний дараа “Баян-Өндөр” уулыг нөхөн сэргээх төслийн нээлтээ хийнэ. Төсөл хэрэгжих төлөвлөгөөг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулах ажил бас хийгдэнэ.
Гуравдугаарт, “Ногоон Эрдэнэт” нийгэмлэг гүйцэтгэх алба байгуулж жилийн ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхээр боллоо.
-“Эрдэнэт” үйлдвэрийн хөрс хуулалтанд өртөж буй мод, ургамлын төрөл зүйлийг байгалийн онгон төрхөөр нь Баян-Өндөр ууланд нүүлгэн шилжүүлэх гэж байгаа тухай та дээр ярилаа. Хэр олон мод нүүлгэн шилжүүлэх бол?
-Одоогоор 6800-аад зулзган мод, ургамлын төрөл зүйл, хөрс гээд биологийн бүтцээр нь нүүлгэн шилжүүлж, Баян-Өндөр ууланд хэрхэн нутагшуулахыг бид судлаад Баян-Өндөр ууланд нутагшуулах газраа товлосон. Харин тэдгээрийг энд хэрхэн нутагшуулах, усжуулалтыг яаж шийдвэрлэх, ургамлын төрөл зүйлсийг цаашид бууруулахгүй байх ямар арга зам байна гэх мэт асуудлыг саяхан Эрдэнэт хотод хийсэн онол практикийн бага хурлаар ярилцаад эрдэмтдийн баг гаргасан бий. Эрдэмтдийн өгсөн анхны зөвлөмжийн дагуу усжуулалтыг хэрхэн шийдэх талаар ярилцаж байна.
Баян-Өндөр уулыг тойрсон байрлалтай 5 ам бий. Тэдгээр амны цас, бороо, үерийн усыг хуримтлуулах замаар Баян-Өндөр уулын усжуулалтыг хийж болно гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн гэр хорооллыг гүний усаар хангах Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн төслийн дагуу барьж байгуулсан хамгийн дээд цэг дээрх 2 мянган метр кубын багтаамжтай хоёр усан санг ашиглаад Баян-Өндөр уулын шинэ нөхөн сэргээлтийн талбайг усалж болох юм гэж үзсэн. Ингэснээр “Эрдэнэтийн овоо” уулаас нүүлгэн шилжүүлсэн мод, ургамал Баян-Өндөр ууланд баталгаатай ургах нөхцөл бүрдэх юм. Ийм байнгын усан хангамжтай байж гэмээн нүүлгэн шилжүүлсэн мод ургамал, биологийн төрөл зүйл шинэ орчинд нутагших бололцоотой болох юм.
-Энэ ажил байнгын харуул хамгаалалттай байхгүй л бол асуудал их үүсэх магадлалтай шүү...
-Баян-Өндөр уулын харуул хамгаалалт, хашаажуулалт, камерийн хяналт хийх гээд төлөвлөсөн ажил их бий. Тиймээс Баян-Өндөр уулын орой дээр Хяналт, мэдээлэл, хамгаалалтын төв ажиллуулна. Энэ төвийн байрны засвар тохижилт хийгдсэн. Үүний тохижилтонд зориулан Германы талаас 150 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийлгэх хүсэлтийг бид Германы Ногоон хөгжлийн яаманд тавьсан. Энэ асуудал шийдэгдвэл Баян-Өндөр ууланд нүүлгэн шилжүүлсэн мод ургамал, биологийн төрөл зүйлс цахим хяналт дор тогтвортой ургаж, нутагших боломж бүрдэх юм. Энэ ажил Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгааг бас онцолж хэлмээр байна.
Ер нь ирээдүйд Баян-Өндөр уул орчимд экологийн цогцолбор бүс байгуулна. Энд зөвхөн мод суулгаад орхих биш биологийн төрөл зүйлсийг цогцоор нь нүүлгэн шилжүүлж нутагшуулах гэж байгааг би дээр өгүүлсэн. Энэ нэлээн өндөр өртөгтэй ажил. Урьдчилсан тооцоогоор 4-5 сая еврогийн өртөгтэй хийгдэх ажил юм. Төслийн үйл ажиллагаа 5 жил үргэлжилнэ. Энд байгалийн амьд парк үүсэх учраас цаашид тарвага, буга, гөрөөс нутагшуулах, тэдгээрийг айж эмээхгүй амьдрах орчинг бүрдүүлэх гээд олон ажил хийгдэх юм. Эхний төсөл сайн хэрэгжвэл дараа нь олон дэд төсөл үргэлжлээд хэрэгжих боломж бүрдэнэ.
Энэ төсөл “Эрдэнэт” үйлдвэрийн хаалт хөгжлийн менежменттэй нягт уялдаатай бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр байгаль орчинд ээлтэй байх энэ технологи Монгол улсын уул уурхайн компаниудад жишиг болж, үлгэр дуурайлалтай харагдах юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компани нэг уулын ашигт малтмалыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах явцад нөгөө уулыг унаган төрхөөр нь эргэж сэргээх нь тухайн компанийн нийгмийн болон экологийн хариуцлагын том баталгаа болно.
-Энэ төслийг Герман улстай хамтран хэрэгжүүлж байгаа нь ямар учиртай вэ?
-Герман уул уурхайн нөхөн сэргээлтээр ажиллаж ирсэн 800-аад жилийн туршлагатай бөгөөд энэ чиглэлээр дэлхийд тэргүүлж яваа улс. Энэ төслийн үйл ажиллагаа мөн Монгол-Герман улсын хамтын ажиллагаан дээр суурилан хийгдэж байгаа юм. Энэ хамтын ажиллагааны гэрээний дагуу эдийн засгийн хороо байгуулагдсан бөгөөд үүнд Монгол-Германы томоохон аж ахуйн нэгж, иргэд оролцсон байдаг. “Эрдэнэт” үйлдвэр гэхэд энэхүү эдийн засгийн хорооны Монголын талын ажлын хэсгийн нэг гишүүн байгууллага юм. Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн дээрх эдийн засгийн хорооны Монголын талын бизнесийн ажлын хэсгийн ахлагчаар сонгогдон ажиллаж байгаа. Харин Засгийн газар хоорондын ажлын хэсгийн даргаар Аж үйлдвэрийн сайд Эрдэнэбат ажилладаг. Засгийн газар хоорондын ажлын хэсгүүд бидний санаачилсан “Ногоон Эрдэнэт” төсөлд сайн анхаарал хандуулвал Баян-Өндөр уулын орчинг өөрчлөх шинэчлэх боломж бүрдэнэ гэж найдаж байгаа.
-Герман улс манай орны байгаль, экологийн ажлыг дэмжиж нэлээд хөрөнгө оруулалт хийдэг гэж сонссон. Энэ талаар танд ямар мэдээлэл байна?
-Герман улс сүүлийн 10-аад жилд манай орны байгаль орчны салбарт 20-иод сая еврог буцалтгүй тусламж, урт хугацааны зээлээр олгосон байдаг. Харамсалтай нь тэр хөрөнгө нүдэнд харагдаж, гарт баригдах томоохон өөрчлөлтөнд биш олон жижил төсөл санхүүжүүлэх замаар үр бүтээл багатай зарцуулагдсан байна гэдэг дүгнэлтийг Герман, Монголын тал хийсэн байна лээ. Харин бидний хэрэгжүүлж буй “Ногоон Эрдэнэт” төслийн үр дүнд Монгол улсад жишиг болохуйц уул уурхайн нөхөн сэргээлт хийгдэх юм. Монгол улсын хөгжлийг хөтлөгч нь уул уурхай гэж үзэж байгаа өнөөгийн нөхцөлд байгалийн нөхөн сэргээлт зайлшгүй хийгдэх ёстой. Тиймээс бид Германы туршлагад тулгуурлан Эрдэнэт хотын Баян-Өндөр уул орчмыг нөхөн сэргээж унаган төрхөнд нь оруулах анхны алхам хийж “Ногоон Эрдэнэт” төслийг Орхон аймагт хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Ж.ОЮУН















