Саяхан Улаанбаатар хотноо болсон “Даншиг наадам-Хүрээ цам-2015” шашин, соёлын наадмын сурын харваанд Ховд аймгийн Булган сумын уугуул, “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсгийн ажилчин, Хангарьд спорт клубийн тамирчин, Монгол Улсын гоц мэргэн Л.Отгонбаяр дэд байрт шалгарчээ. Эрхий мэргэн харваанд 340 харваач хоёр өдрийн турш цэц мэргээ сорьсон бөгөөд эрэгтэй 230, эмэгтэй 110 харваач сум тавьж, нум эвшээлгэсэн аж. Эрэгтэйчүүдээс Алдар спорт клуб, Жем интернэшнлийн тамирчин Монгол Улсын мэргэн Б.Батбаатар, эмэгтэйчүүдээс Баянгол дүүргийн харваач Монгол улсын Спортын мастер Х.Цэдэнмаа нар тэргүүн байр эзэлжээ. Хангарьд спорт клубээс 20 гаруй харваачдын бүрэлдэхүүнтэй баг энэхүү наадмыг зорьсон юм.















