Эрдэнэт Булганы хатуу хучилттай замыг тавих явцад замын суурь хучилтанд зориулж хайрга олборлон, нөхөн сэргээлт хийлгүй орхисны улмаас хонхор газрууд үүсч сүүлийн 4-5 жилийн хугацаанд ойр орчмын иргэд барилгын болон ахуйн хог хаясаар их хэмжээний хог хуримтлагдаж, байгаль орчныг бохирдуулах хэмжээнд хүрсэн.
Энэ газар нь Мон-23 төслийн хүрээнд хэрэгжсэн Эрдэнэт хотын гэр хорооллын иргэдийг цэвэр усаар хангадаг гүний худгийн эхэнд байрладаг ба Ойн экологийн өмгөөлөл ТББ-ын санаачилсан үйл ажиллагаа хэрэгжиж Булган аймгийн Орхон сумын Засаг даргын захирамжаар тус газрыг “Чарахайн онгон” түүхэн дурсгалт газар болохыг тодорхойлж орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан юм.
Байгаль орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, түүхэн дурсгалт газрыг хэвээр хадгалах үүднээс Зөв залуус клуб, Ойн экологийн өмгөөлөл ТББ, Монгол Тэнгэр Үнэн ТББ /Гэрлийн өргөө/ хамтран санаачлага гаргаж тус газарт хаясан их хэмжээний хог хаягдлыг цэвэрлэхээр зорин ажилласан.
Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг ТББ, клубуудэд санал хүргүүлсэний дагуу Орхон аймгийн Ардчилсан залуучуудын холбоо, М1 клуб, Эрдэнэт Омогшил мото клуб, Эрдэнэт хотын гэрэл зураг сонирхогчдын “Мэлмий” бүлгэм, Хоггүй Эрдэнэт хөдөлгөөн, MVM car клуб, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн залуучуудын зөвлөл, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн АТБ-ийн залуучууд, Орхон аймгийн залуу багш нарын холбоо хамтран БАЙГАЛЬД ХАЙРТАЙ ЗАЛУУС -1 аяныг өрнүүллээ.
Аяны үйл ажиллагааг дэмжин Орхон аймгийн хот тохижуулах газар 7 машин, Эрдэнэт үйлдвэр ХХК 6 машин, Ачаа тээврийн нэгдсэн зогсоолд үйл ажиллагаа явуулдаг Дорны чимэг ХХК, Дулаан хангай ХХК, Хүнд машин механизмын холбоо тус бүр 1 машин гаргаж ажиллуулсан.
Тод өнгө ХХК, “Эрдэнэс” цэвэр ус, “i-ECO” цэвэр усны үйлдвэрүүд эд материалын, тусламж үзүүлж, иргэд сайн дурын хандив өгч дэмжиж байлаа.
Аянд нэгдсэн 16 ТББ болон клубуудын 100 гаруй залуус хуримтлагдсан их хэмжээний хогийг 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр буюу аавуудын баярын өдөр цэвэрлэж, бөөгнүүлэн нийт 480 орчим тонн хогийг 30км зайд байрлах Эрдэнэт хотын нэгдсэн хогийн цэг рүү зөөвөрлөсөн.
Тус аянаар эх дэлхий, хүрээлэн байгаа орчиноо хайрлан хамгаалах, залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлах зөв чиг хандлагад сургах, орчин тойронтойгоо боловсон харьцах сэтгэлзүйг төрүүлэх, залууст үлгэр дууриал болох, залуусыг сайн үйлсэд уриалан дуудаж, нэгдэж чадвал ямарч үйлсийг бүтээж чаддагийг харуулахаар зорьсон.




































Хогийг цэвэрлэх явцад багагүй бэрхшээлүүд гарч байсан боловч санаа нийлсэн залуусын сэтгэл, зүтгэлээр амжилттай шийдвэрлэсэн.
Тус аяны үйл ажиллагаанд оролцсон, дэмжсэн иргэд, байгууллагуудад нийт залуусынхаа өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
БАЙГАЛЬД ХАЙРТАЙ ЗАЛУУС















