“Эрдэнэт” үйлдвэр хүний нөөц бүрдүүлэх бодлогын хүрээнд сургалтын үйл ажиллагааг ил тод болгох, шинэ шатанд гаргах зорилгоор Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр, түүний журмуудын хэрэгжилтийн үр дүнд хүний хөгжил сургалтын бодлого цэгцэрнэ гэж холбогдох мэргэжлийн хүмүүс үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэр 2013-2014 оны хичээлийн жилд компанийн хэмжээнд хүний нөөц бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд 3 тэрбум 300 сая төгрөг төлөвлөж зарцуулсан. Үүнээс дотоодын их, дээд сургуулийн 86 оюутны төлбөрт 109 сая гаруй төгрөг зарцуулжээ. Харин гадаадын олон хотын их, дээд сургуульд суралцагч 154 хүнд 751,360 мянган ам.доллар олгосон байна. Бусдыг нь ажиллагчдын мэргэжил дээшлүүлэх сургалтанд зориулжээ. Сүүлийн жил сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан 3,5 тэрбум төгрөг төлөвлөсөн. Гэхдээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5500 ам.доллар байвал 2,8 тэрбум, 5000 болж буурвал 1,75 тэрбум байхаар хэлбэлзэлтэй төлөвлөсөн. 2014-2015 оны хичээлийн жилд гадаадын улс оронд сурч буй 40 оюутны төлбөрт 655,085 мянган ам.доллар, дотоодын их, дээд сургуулийн 67 оюутанд 87,1 сая төгрөг зарцуулсан нь өмнөх оноос буурсан үзүүлэлт юм.















