Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академи, ШУТИС, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн 30 гаруй төлөөлөгч Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн Байгаль орчны газар, Эрдэнэт үйлдвэр ХХК-иас хамтран зохион байгуулж буй “Баян-Өндөр уулан дахь байгалийн нөхөн сэргээлт” онол практикийн бага хуралд оролцохоор иржээ. Тус бага хуралд оролцогчид өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Хүдрийн ил уурхай, Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл болон Баян-Өндөр уулан дахь биологийн төрөл зүйл, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн өнөөгийн байдалтай танилцав.
“Баян-Өндөр уулан дахь байгалийн нөхөн сэргээлт” эрдэм шинжилгээний бага хурлын нээлт “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны “Оюу” танхимд боллоо. Энэ үеэр “Баян-Өндөр” байгалийн парк байгуулах төсөл, биологийн төрөл зүйлийг шилжүүлэн суулгах ажлын техник, технологийг танилцуулж, олон нийтэд зориулан нөхөн сэргээлтийн ажлыг дэмжих уриалга гаргасан. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академи, ШУТИС, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн, багш нарын саналыг сонсож, нөхөн сэргээх ажилд зөвлөмж өгөх эрдэмтдийн баг байгууллаа.
Орхон аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр ХХК, Герман улсын “Geotec Rohstoffe” байгууллага хамтран өнгөрөгч 10-р сарын 29, 30-ны өдөр “Эрдэнэтийн уул уурхайн бүс нутгийн тогтвортой хөгжил” хэлэлцүүлгийг Орхон аймагт зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс Орхон аймагт уул уурхайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчин, нөхөн сэргээлтийн чиглэлээр 6 төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүний эхнийх нь Баян-Өндөр уулын унаган төрхийг сэргээхэд уул уурхайн салбарын 800 жилийн түүхтэй Герман улсын туршлага, тэргүүний технологийг ашиглах юм.

















