Шинэ бүтээн байгуулалтад зориулсан наадам үйлдвэрийн ажиллагсдын баярын жагсаалаар эхэлж, Монгол- Орос- Эрдэнэт үйлдвэрийн тугийг наадмын хөх тэнгэрт мандуулан, үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн баяр наадмын үйл ажиллагааг нээж үг хэлэв. Баяр наадамд Монгол улсын Ардын жүжигчин А.Долгор, Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Ардын жүжигчин Ч.Чимэдцэеэ, Гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Хонгорзул нарын урлаг соёлын мастерууд ая дуугаа өргөв.
Цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ үйлдвэрийн хүчит 128 бөх барилдсанаас Материал техникийн хангамжийн баазын ажилтан, аймгийн начин н.Түмэнбаатар, ЗМЗ-ын бөх, аймгийн арслан н.Адьяасүрэн, Хангарьд спорт клубын тамирчин, аймгийн арслан н.Чулуунгэрэл, Хангарьд спорт клубын бөх, аймгийн заан н.Гантөмөр нар шөвгийн дөрөвт үлдэв. Барилдаанд аймгийн арслан н.Чулуунгэрэл түрүүлж, аймгийн заан н.Гантөмөр үзүүрлэсэн байна.
Наадамд үйлдвэрийн 40 гаруй мэргэн харваачид “Есүхэй” харваагаар цэц мэргэнээ сорив. Харваачдаас улсын мэргэн Отгонбаяр түрүүлж, улсын мэргэн Ш.Даваахүү үзүүрлэв.
Шагайн харваан наадамд үйлдвэрийн 6 цехийн 40 гаруй харваачид хувийн болон цуваа харваагаар харвав. Харваачид 4,70 метрийн зайд харваж, багийн дүнгээр АТБ-ын Монгол улсын гарамгай харваач О.Тогоо ахлагтай баг түрүүлж, АТБ-ын С.Пүрэвдорж ахлагчтай баг, Геологи хайгуулын ангийн улсын гарамгай харваач А.Эрдэнэ-Отгон ахлагчтай баг удаалсан байна. Хувийн амжилтаар улсын гарамгай харваач А.Эрдэнэ-Отгон түрүүлж, АТБ-ын харваач Д.Алтанбаяр, Геологи хайгуулын ангийн харваач М.Эрдэнээ нар удаалсан
байна.















































