Зуны эхэн сарын шинийн 28-ны билэгт сайн өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд “Сархиа” уулын зүүн энгэрт амины орон сууцны “Эко-400” хорооллын шав тавих ёслол үйлдэж газар аргадлаа. Үйлдвэрийн хамгийн үнэ цэнэтэй баялаг болох мэргэжлийн өндөр ур чадвартай, бүтээмж өндөртэй ажилтнуудыг урт хугацаанд үнэнч шударга хөдөлмөрлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх “Эрдэнэт-Орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн эко хаусын уг хотхон сүндэрлэнэ. Гурван жилийн дараа ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй, сургууль, цэцэрлэг, худалдааны төвтэй цэвэр тохилог эко цогцолбор бүхий хороолол баригдаж энэ хөндийд шинэ суурьшлын бүс бий болох юм. Шав тавих ёслолын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд ажилчиддаа газартай, үл хөдлөх хөрөнгө бүтээн байгуулахаар зорьж байгаад хүмүүс талархаж байгаагаа илэрхийлэв.
Мөн “Эрдэнэт” үйлдвэр улсад хамгийн өндөр өгөөжтэй, нийгмийн хариуцлагатай компанийн хувьд ажиллагчидаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын мэргэжилтнүүдийн аюулгүй байдал, тав тухыг хангах “Москва-300”, залуу боловсон хүчнүүдэд зориулсан “Залуус-600” хороолол барихаар төлөвлөж байна.





М.ОДГЭРЭЛ















