Н.Баттулга: Үйлдвэрийн өргөтгөлийг тохиолдуулан хамт олноо баярлуулна
Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг ашиглалтанд хүлээн авах ёслол энэ сарын 20-нд болно. Үүнтэй холбогдуулан энэ үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар Тамгын хэлтсийн дарга Н.Баттулгаас тодрууллаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 37 жилийн хөгжлийн түүхэн дэх хамгийн том өргөтгөлийн ажил дуусах дөхлөө. Манай үйлдвэр үе шаттайгаар хүчин чадлаа өсгөж ирсэн. Өнөөдрийн байдлаар жилд 26 сая тонн хүдэр боловсруулж, 500 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна. Ашиглаж буй орд маань доошлох тусам уул геологийн нөхцөл хүндэрч, боловсруулж буй хүдэр дэх зэсийн агуулга буурч байна. Мөн зах зээл дээр зэсийн баяжмал дахь цэвэр зэсийн хэмжээ өндөр байх шаардлага тавигдаж байна. Энэ бүгдийг харгалзан үзэж, үйлдвэрээ өргөтгөж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээ, борлуулалтыг орлогыг бууруулахгүй байх зорилгоор энэ өргөтгөлийг хийсэн. Өргөтгөлийн үр дүнд жилд боловсруулж буй хүдрийн хэмжээг 6 сая тонноор нэмэгдүүлж 32 сая тоннд хүргэх, зэсийн 23 хувийн агуулгатай 580 мянган тонн зэсийн баяжмал гаргах юм.
Бид энэ бүтээн байгуулалтын ажлын голыг өөрсдийн хүчээр хийж, туслан гүйцэтгэгчээр тусгай зориулалтын компаниуд ажиллуулсан. Үйлдвэрээ өргөтгөсөн онцлог үйл явдлыг тохиолдуулан хамт олноо баярлуулах, төр засагтаа тайлагнах зорилгоор үйлдвэрийн захиргаанаас энэ сарын 20-ны дашням балжиннямтай билэгт сайн өдрийг сонгон нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирнэ.
Мөн 18, 19-нд Улаанбаатар хотноо Эдийн засгийн форумд оролцсон монголд хөрөнгө оруулж буй дэлхийн компаниудын төлөөлөгчдийг бас энэ үйл ажил-лагаанд урьж оролцуулна. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн талбайд тууз хайчлах ажиллагаа болно. Мөн энэ үеэр цэнгэлдэх хүрээлэнд бэсрэг наадам хийх юм. Үйлдвэрийн ажиллагчдын дунд үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа явуулна. Мөн урлагийн тоглолт болно. Тоглолтонд “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид, “Эрдэнэт” үйлдвэрийн уран сайханчдаас гадна “Хан-Монгол” морин циркийн тоглолт, Монгол улсын гавьяат жүжигчин Хонгорзул, Сосорбурам, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа нар ая дуугаа өргөх юм. Орой нь цэнгээнт шоу болж, “Хангарьд” паласт хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулна. Нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан үйлдвэрийнхээ нийт хамт олонд мөнгөн урамшуулал олгоно. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон, өндөр настнууд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажиллагсдыг оролцуулсан баярын үйл ажиллагааг ёслол төгөлдөр тэм-дэглэн өнгөрүүлэхээр төв болон дэд комисс байгуулагдан ажиллаж байна.
Я.ЭНХТУЯА
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















