Саяхны хүйтэн бороотой, бүүдгэр өдөр Технологийн сургуулийн өмнөх талбайд гоёмсог хувцастай, энгэртээ одон медаль гялалзуулсан хүмүүс бие биесээ халуун дотноор тэврэн уулзалдана. Эд бол Баяжуулах фабрикийн Нунтаглах баяжуулах хэсгийн анхдагч ахмадууд аж. Монгол улсын анхны тэргүүний ээлж хамт олон болсон түүхэн амжилтынхаа 35 жилийн ойн уулзалтад хол ойроос ийнхүү 35-уулаа зорин иржээ. Тэднийг тус ээлжийн анхны монгол мастер, Орхон аймгийн Засаг дарга асан Г.Шархүү, ээлжийн мастер асан Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Давааням нар угтан авснаар тэд автобус хөлөглөн төрөлх үйлдвэрээ зорилоо.
Баяжуулагчид Хүдрийн ил уур-хайн зочид хүлээн авах талбай-гаас үйлдвэрээ тольдохдоо хүйтэн салхитайг ч үл ажран, баярлан догдолж буй нь нүднээс нь ил. Тэнд хэсэг саатсан ээлжийнхэн Баяжуулах фабрикийг зорилоо. Тэдний дурсамж уулзалт Нунтаглан баяжуулах хэс-гийн үүрэг даалгаврын өрөөнд үргэлжлэв. Олон жилийн дараах уулзалт тансаг зоогийн газар эсвэл хүндэтгэлийн танхимд ихэвчлэн болдог ч эднийхэн ажлын байрандаа уулзахыг илүүд үзжээ. Ажил амьдралынх нь түүхийг тодруулах ажлын байр нь тэдэнд хамгаас дотно байгаа нь илт. Өрөөндөө ороод л мастер дээшээ суу, бидэнд нарядаа бичиж өг гээд л хөгжилдөнө. Өрөөг уулзалтанд зориулан чимэглэжээ. Дэлгэцээр тэдний залуу үеийн гэрэл зураг хөвөрнө. Хананд ч дурсгалтай мөчүүдийнх нь фото зургаар самбар гаргажээ. Түүх өгүүлэх зургийн дэргэд тухайн цаг мөчөө өчигдөр мэт дурсан ярих.
Уулзалтыг нээж Г.Шархүү хэлсэн үгэндээ: “Эрдэнэт” үйлдвэ-рийн эхний ээлжийг хүлээн авах Төрийн ёслолын үйл ажиллагаанд Баяжуулах фабрикийн эхний ээлжийн тээрэм, хөвүүлэх машиныг анх ажиллуулах хүндтэй дурсамжтай үүргийг гүйцэтгэсэн хамт олон бол манай ээлж юм. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Рагчаа, Аззаяа, Грешаев нар тээрмийг эргүүлэх хүндтэй үүрэг гүйцэтгэсэн. Манай ээлжийн хамт олноос Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан 5 төрөн гарсан. Аймаг, улсын аварга ажилчин олноороо төрж, төрийн одон медалиар ч шагнагдсан. Тэр үед манай үйлдвэрийн хэмжээнд тэргүүний ээлжийг хагас, бүтэн жилээр, чанарын аварга ээлжийг сар бүр шалгаруулдаг байсан. Эдгээр шагналыг манай ээлж тасралтгүй хүртсэн. Октябрын хувьсгалын 60 жил, Монголын залуучуудын эвлэ-лийн 18-р хурал угтсан уралдаанд улсын хэмжээнд түрүүлж, улсын тэргүүний ээлж болж, тухайн үеийн нам засгийн тэргүүн Ю.Цэдэнбалаас илгээлт гардсан. Манай ээлжийнх-нээс 1981 онд Х.Рагчаа Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсанаас хойш манайхны дундаас одон медаль, төрийн дээд шагналаар олон хүн шагнуулсан. Сансрын нисгэгчийг угтах ёслолд манай хөвүүлэн бая-жуулагч Байгалмаа ажилчин ангийн төлөөлөл болж оролцож байлаа. Ер нь манай ээлж хөдөлмөрийн сахилга баттай хамт олон. Мөн хөдөлмөр хамгааллын дэг журмыг чанд биелүүлэн, аваар осол гаргалгүй ажилладаг, технологийн горимыг чанд биелүүлдэг байсан. Үүнээс гадна амьдралын баялаг туршлагаа хуваалцдаг хамт олон байв. Албан ажлаас гадна ар гэрийнхээ ажил төрөлд хамтарч оролцдог, зовлон жаргалаа хуваалцаж ирсэн. Тухайн үед манай бригадын дарга Х.Рагчаа, Х.Байгавбил нар орост сургууль төгссөн, ажлаа сайн мэддэг, хамт олноо сайн удирддаг байсан нь манай ээлж түүхэн амжилтуудыг тогтооход хувь нэмрээ оруулсан. Манай ээлж үйлдвэрийн хэмжээнд олон мастер, удирдах ажилтныг төрүүлсэн. Энд сууж буй бүх хүн “Эрдэнэт” үйлдвэр болон Баяжуулах фабрикийн түүхийг бичилцсэн, бүгдээрээ чин үнэнчээр ажилласан гавьяатай, баатрууд шүү гэв.
Мөн уулзалтанд Баяжуулах фабрикийн дарга Д.Эрдэнэцогт баяр хүргэж үг хэллээ. Үүний дараа ээлжийн мастер асан С.Давааням: Ажлыг хийхдээ чин сэтгэлээсээ хандвал түүний цаана амжилт бү-тээл ундардгийг харуулсан хүмүүс бол энэ ээлжийнхэн. Манай ээлж хамгийн эерэг энергитэй хамт олон. Энэ ээлжнээс маш олон алдартнууд төрөн гарсан. Түүний нэг жишээ нь манай ээлжийн анхны монгол мастер Г.Шархүү. Тэр “Эрдэнэт” үйлдвэрийн Нийгмийн асуудал, Гадаад худалдаа, Үйлдвэрлэл эрхэл-сэн захирлаар ажилласан, Орхон аймгийн Засаг дарга байсан. Манай ээлжийнхний бусдаас ялгагдах нэг онцлог нь их эвсэг, тусархуу. Бас бие биедээ зарчимч шаардлага тавьж чаддаг. Энэ нь Х.Рагчаа, Х.Байгавил гавьяатуудтай холбоотой. Манайхан хэнийгээ ч ажил амьдрал нь өгсөж яваасай гэж хүсдэг, өсөж дэвшихэд нь дандаа баярладаг. Ийм л гар, сэтгэл нийлсэн хамт олон. Би та бүхэндээ үргэлж баярлаж явдаг. Миний өдий дайтай яваа нь та бүхний ажил үйлстэй холбоотой. Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе гэв.
Бригадын дарга асан Х.Байгавил ээлжийнхээ хамт олонд талархал илэрхийлж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн энэ ээлжийн хамт олон, багш нарынхаа сургасныг өнөөг хүртэл мөрдөж явдгаа хэлж, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэнээ хамт олныхоо хөдөлмөрийн үр шим гэж онцоллоо.
Уулзалтын төгсгөлд анхдагч ахмадууд Баяжуулах фабрикийн залуу ажиллагчидтай уулзаж үг сургаалиа хайрлав. Тэд залууст байнга суралцахыг, ажилдаа чин сэтгэлээсээ хандахыг чухалчлан захилаа. Тухайн үед хэрхэн хүнд нөхцөлд ажиллаж байсан хийгээд одоо техник технологийн дэвшил нэвтэрч, ажил хөнгөвчлөгдсөнийг тэмдэглэж, автоматжуулагдсан энэ үед ажилчин хүн хариуцлагаа улам дээшлүүлж, аливааг шинэ соргогоор мэдэрч, техник тоног төхөөрөмжөө улам боловсронгуй болгох талаар санаачилгатай ажиллахыг шинэ үеийнхэндээ санууллаа. Энэ үеэр Баяжуулах фабрикийн дарга Д.Эрдэнэцогт үйлдвэрийн эхний ээл-жийг ашиглалтанд орох үеэс залуу нас, бүтээлч хөдөлмөрөө зориул-сан алдартнуудын ээлжийнхэнд талархлаа илэрхийлэв. Мөн ахмад үеийнхэн, аав ээжийнхээ бүтээж бий болгосон ажлыг нэр төртэй үргэлжлүүлж, ажилдаа бүтээлч санаачилгатай байхыг залуу ажил-
лагчдаасаа хүслээ. Залуус ч ахма-дууддаа баярлаж буйгаа илэрхийлж, тэдний ариун үйлсийг нэр төртэй үргэлжлүүлэхээ амаллаа.
Энэ үеэр зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
Л.Цэцэгмаа:

Баяжуулах фабрикт 34 жил ажиллаад гавьяаны амралтандаа суусан. Би 1974 оноос “Эрдэнэт“ үйлдвэр, Эрдэнэт хотын бүтээн байгуулалтанд гар бие оролцож ирсэн. Ингээд баяжуулагч мэргэжлээр Узбекстаны Алмалык хотод төгсөж ирээд, Рамазанов мастертай ээлжинд баяжуулагчаар орж ажилласан. Бид ийм сайхан ээлж хамт олны дунд ирсэндээ баярлаж байдаг. Манай ээлжийн хамт олон их сайхан. Одоогийн яриагаар бол их эерэг энерги шингэсэн хамт олон. Одоо хүртэл их дотно, жаргал зовлонгоо хуваалцаж явдаг. Би баяжуулагчаар 13 жил ажиллаад, дараа нь оператор болсон. Нунтаглан баяжуулах хэсгийн оператораар 21 жил ажиллаад 2012 онд тэтгэвэртээ гарсан. Миний оронд хүү маань тээрмийн машинчаар ажиллаж байгаа. Баяжуулагчийн мэргэжил үнэхээр сайхан. Хүнээс ур ухаан ихээхэн шаарддаг, их сонирхолтой ажил. 6 төрлийн урвалж, химийн элемент шохой хэрэглэж баяжмал гаргаж авна. Хүдрийг хаягдалгүйгээр баяжуулж авахыг бүгдээрээ мэрийн, сэтгэлээсээ ажил-ладагсан. Тэгээд ч манай ээлж, нэр төртэй үр дүнтэй ажилладаг байсан. Рагчаа ах, Еринпил, Байгалмаа бид хэд курс төгсөөд хамтдаа ирсэн. Алдартан гавьяатнууднаас хоцрохгүй гэж хичээдэг байсан. Олон жилийн дараа энэ сайхан уулзалтыг зохион байгуулсан мастер, БФ-ийн захир-гаанд баярлалаа.
Ш.Пагмадулам:

Би 1974 онд ахыгаа дагаж илгээлтээр ирээд, ТМС-ийг краны машинч мэргэжлээр төгсөөд, 1978 онд энэ ээлжнээс ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Түүнээс хойш 24 жил краны машинчаар тасралтгүй ажиллаад 2001 онд Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэт-гэмжид гараад, одоо гавьяаны амралтандаа сууж байна. Би 1978 онд төгсөж ирээд энэ ээлжинд Х.Рагчаа гуай, мөн мастерынхаа удирдлаган дор ажиллаж эхэлсэн. Энэ сайхан ээлжнээс ажил амьдралын гараагаа эхэлсэндээ баяртай явдаг. Хамт олон маань амьдралын аль ч үед түшиг тулгуур болж ирсэн. Энэ ээлжинд орсноор ажил амьдрал маань дэвжиж, хань ижил үр хүүхэдтэй болсон. Уулынхаа буянд сайхан амьдарч явна. Манайх 2 хүүхэд, 3 зээтэй өнөр өтгөн айл. Нөхөр маань автотээв-рийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан. Манай хамт олон ажлаараа улсдаа тэргүүний ээлж хамт олон болоход бид тун их баярлаж бахархсан. Одоо ч би ээлжийнхнээрээ бахархдаг. Олон жил ажилласан хамт олонтойгоо уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна.
Д.Отгонбилэг:

1977-1979 онд Сургалтын төвд засварчны мэргэжил эзэмшээд 7-р сарын 1-нд Раманзанов даргатай хамт олны дунд ажлынхаа гарааг эхэлсэн. Миний багш Мельников гэж Зөвлөлтийн мэргэжилтэн, мөн Еринпил гавьяат. Би 19 настайдаа ажилд орж байлаа. Хамт олон, ахмадууд маань надад аливааг зөв талаас нь харах, шударга байх, ажилдаа эзэн нь байхыг сургадаг байлаа. Бид ажил дээрээ хамт. Чөлөөт цагаа ч хамтдаа өнгөрүүлнэ. Бид хамтдаа үзвэр үзэж, секц дугуйланд явж ирсэн. Нэгнийхээ гэр оронд ч очиж тусалдаг байсан. Миний анхны хүү намайг 20-тойд 1982 онд төрсөн. Эхнэр маань нөгөө ээлжинд ажилладаг. Хүүхэд харах хүнгүй болохоор ээлжийн мастер С.Даваанямынд хүүхдээ орхиод л ажилдаа явна, эхнэр ажлаасаа буугаад хүүхдээ авдаг үе байсан. Энэ мэтээр манай ээлжийнхэн бие биедээ ахан дүүс шиг ханддагсан. Би 2000 он хүртэл 21 жил энэ ээлжиндээ ажиллаад Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа. Одоо Улаанбаатар хотод амьдардаг. Ээлжийнхнийхээ уулзалтыг зорьж ирсэн. Хамт олонтойгоо уулзаад маш сайхан байна гэв.
Я.ЭНХТУЯА















