“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг 2014-2015 оны хичээлийн жилд төгсөж буй оюутнуудын “Эрдмийн баяр” өнгөрсөн баасан гарагт болов. Тус сургууль сургалтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 40 дэх жилтэйгээ золгож байгаа бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилийг оюутан, багш нар сурлагын болоод ажил хөдөлмөрийн өндөр амжилттай үдэж байгааг Сургалт эрхэлсэн захирал онцолсон юм.
Эрдмийн баярт “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга Р.Цэрэндорж болон Монголын Оюутны холбоо, Залуучуудын холбоо, Ардчилсан залуучуудын холбоо зэрэг байгууллагын удирдлага, төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр сургуулиа амжилттай төгсөж буй 7 оюутан Технологийн сургуулийн Оюутны зөвлөлийн нэрэмжит “Хүндэт төгсөгч”, 2 оюутан Монголын оюутны холбооны “Манлайлагч оюутан”, ”Шилдэг төгсөгч”, 4 оюутан Орхон аймгийн Оюутны холбооны “Эрдмийн од” медалиар шагнагдав. Энэ удаа магистр 41, бакалавар 129, гадаад хэлний бэлтгэлийг 11, мэргэжлийн сургалтын нэг жилийн ангийг 24, түр курсыг 310 оюутан төгслөө.
М.ОДГЭРЭЛ















