

Баян-Өндөр сумын 7-р дунд сургуулийн хэл яриа, сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдүүд багштайгаа хамт “Хүн хүндээ хайртай байдаг юм...” гээд гараа зүрхэндээ наан, нүдээ анин чин сэтгэлээсээ дуулж байна. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цехийн хамт олонд зориулан ийн дуулсан. Учир нь манай цехийнхэн Монгол улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд “Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын төлөө сайн үйлс”-ийн аянд нэгдэж, эдгээр хүүхдийн анги танхимыг ажиллагчдынхаа хандивын сангийн хөрөнгөөр тохижуулсан юм. Тусгай бүлгийн сурагчдын сургалтанд зориулж 40 инчийн LED телевиз, номын сан бэлэглэж, ангийн шалыг хулдаасалж өглөө. Мөн оюунлаг инженерүүдийнхээ засварласан компьютер, принтерийг сургуулийн удирдлагад гардуулан цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон. Энэ үеэр тус сургуулийн захирал, багш нар, хүүхдүүд биднийг хөл хөөрцөг болон угтацгаасан нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөв. Сэргэлэн цовоо, авьяаслаг хүүхдүүд чанга дуугаар мэндчилэн өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтоор бидэнд хариу бэлэг барьсан нь энэ. Тэд “Хэрвээ сайхан амьдарч байвал ...” гээд л дуулахдаа нүд нь очтон гялалзаж, бие бие рүүгээ инээмсэглэн бүжиглэх нь өхөөрдөм. Авьяаслаг хүү Оргил “Хайрлаарай”-г дуулахад найзууд нь бүгд дагалаа. Хүүхдүүд бидэнтэй хамт Монгол улсын төрийн дууллыг эгшиглүүлснээр концерт өндөрлөсөн.
Тэд бидний үр хүүхдүүдийн адил ээж, аавдаа бурхнаас илгээгдсэн бэлэг. Бусад хүүхдийн адил уйлж, дуулж, уншиж, бичиж, бодож, бүтээж хорвоотой танилцаж байна. Тэдний зурсан, хайчилсан, шүр сувдаар хэлхсэн бүтээлүүд гайхмаар. Хүүхдүүд өөрсдийн урласан бүтээлийн дээжээс бидэнд бэлэглэсэн. Тэдэнд сургууль, сайхан сэтгэлтэй багш нар, тусалж дэмждэг найз нөхөд нь байна. Бид ч бас тэднийг хайрлаж, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Тиймээс уншигч таныг энэ аянд нэгдээрэй, эдгээр хүүхдийг дэмжээрэй гэж уриалъя.
Б.Оюунчимэг















