Улаан талбай Москвад төдийгүй, Орос орон, дэлхий даяар алдартай. Уг талбай Кремлийн зүүн хойд хана дагуу оршдог. Зүүн талдаа Улсын их дэлгүүр, хойд талдаа түүхийн Музей болон Казаны дуган, урд хэсэгт нь Василий Блаженовын дуган байрладаг. Улаан талбайн хэмжээ 23100 м2, урт нь 695 м, өргөн нь 70 метр юм. Улаан талбайд Минины болон Пожарскийн хөшөө, Лениний бунхан, түүний ард Зөвлөлтийн нэрт зүтгэлтнүүдийг нутаглуулсан хөшөө дурсгал байдаг.

Улаан талбайг XVI зууны эхэнд өргөн чөлөө болгон зассан гэдэг. Эхэндээ “Торг” буюу худалдаа наймааны газар, дараа нь XVII зууны дундаас Красивая (гоё) гэсэн нэрээс үүдэн “Красная” гэж нэрлэх болжээ.
1818 онд К.Минин болон Д.Пожарскийн хөшөөг босгосон. Энэ үеэс Улаан талбайд төрөл бүрийн баяр ёслол, ард олны цэнгүүн зохиогдож иржээ. 1909 оноос Кремлийн ханын дагуу Трамвай явж эхэлсэн. 1917 оны 11-р сарын 9-нд Улаан талбайд хувьсгалт цэргүүд түр Засгийн газрыг хамгаалагч конкедийн хооронд ширүүн тулалдаан болжээ.
1918 оноос эхлэн Улаан талбай хөдөлмөрчдийн жагсаал, цуглаан хийх газар болов. Сенатын цамхагийн өмнө индэр байгуулсан бөгөөд Ленинийг нас нөгцсөний дараа уг индрийн суурин дээр түүний бунхныг босгожээ. 1930-аад онд трамвайны замыг авч, харин автомашины хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байна.
1974 онд Улаан талбайн дэвсгэрийг бат бэх чулуугаар сольжээ. 1987 оны 5-р сарын 28-нд Германы нисэгч Матиас Руст спортын онгоцоор Улаан талбайд бууж шуугиан дэгдээсэн. Энэ үйл явдлаас болж АДХЦ-ийн командлагч, нисэх хүчний маршал А.И. Колдунов, БХЯ-ны сайд, маршал С.Л.Соколов нар албан тушаалаасаа огцорсон түүхтэй.
1702 оны 11-р сард Оросын цэргүүд Нотебургийн цайзыг эзэлсэн үйл явдлыг тохиолдуулан анхны албан ёсны цэргийн ёслолын жагсаал хийж, Петр хаан оролцжээ. Зөвлөлт Засгийн жилүүдийн цэргийн анхны жагсаал 1918 оны 5-р сарын 1-нд болсон аж. Түүнээс хойш жил бүр 5, 11-р сард техник оролцсон жагсаал хийж ирсэн. Харин Эх орны дайны жилүүдэд 1942-1944 онд цэргийн жагсаал завсарлажээ.
1941 оны 11 дүгээр сарын 7-нд Германы цэргүүд Москвагийн захад ирэхэд Октябрийн хувьсгалын 24 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал болсон юм. Энэ жагсаал арми, ард түмний сэтгэл санааг өргөх, дэлхий нийтэд Москва бууж өгөөгүй, арми байлдах чадвараа алдаагүй гэдгийг харуулсан түүхэн үйл явдал болсон юм. Улаан талбайгаас олон анги, нэгтгэлүүд шууд фронтын шугам руу явж “Ард Москва, бидэнд ухрах газар байхгүй” гэсэн дайчин уриагаар тулалдаанд оржээ.
Ялалтын баярт зориулсан цэргийн жаг-саалыг 1985 он хүртэл зөвхөн тэгш тоотой ойнуудаар хийж байв. 1991-1994 онд цэргийн жагсаал хийгдээгүй. Харин 1995 онд батлагдсан Холбооны хуулиар Ялалтын баярын жагсаалыг техникгүй зохион байгуулахаар заасан аж. 2008 оноос цэргийн техниктэй жагсаал эргэн сэргэв. 2003 оноос эхлэн 6-р сарын 12-нд ОХУ-ын өдөрт зориулсан жагсаал хийдэг уламжлал тогтсон юм.
2010 онд болсон Ялалтын баярын жагсаалд Гитлерийн эсрэг холбоотон орнуудын төлөөлөл болж, Их Британий Уэльсын хороо, Францын “Норманд-Неман” нисэх эскадрилийн нисэгчид оролцсоноос гадна Польшийн хүндэт харуул, Казахстан, Украины цэргүүд Улаан талбайд хөл тавьсан. 1918-2014 онд Улаан талбайд цэргийн ёслолын жагсаал 140 удаа болсон. Жагсаал Москвагийн цагаар 10 цагт цэргийн хөгжим, бөмбөрчдийн хөг аялгуугаар эхэлж, Батлан хамгаалахын сайд жагсаалыг хүлээн авч мэндчилнэ. Төрийн тэргүүн ахмад дайчид, ард түмэндээ баяр хүргэж үг хэлсний дараа цэргийн жагсаал эхэлдэг дэг жаяг өдгөө уламжлал болон тогтжээ.
Хэдхэн хоногийн дараа Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалд нийт 15000 цэргийн бие бүрэлдэхүүн, тэр дундаа гадаадын 1,3 мянган цэргийн алба хаагч оролцохоор бэлтгэж байна. Москвагаас гадна ОХУ-ын 27 хотод цэргийн жагсаал болох юм. Энэ жил Ялалтын баярт 78,5 мянган цэрэг дайчид оролцоно. Тэдний дунд Монголын Зэвсэгт хүчнээс хурандаа Л.Батболд захирагчтай бүрэлдэхүүн алтан Соёмбот далбаагаа намируулан алхана. Энэ нь Монгол улсын иргэн бүрт бахархал, омогшил төрүүлсэн үйл явдал болох юм.
Цэргийн штаб















