Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярын хүрээнд Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бид мартахгүй” сэдэвт найрал дууны уралдаан өнгөрөгч баасан гаригт амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд Эрдэнэт, Орхон, Баян-Өндөр цогцолбор, лаборатори 8, 15, 2, 18-р сургууль, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14, Орос 19-р сургууль, “Цайхун-Гэгээ” сургуулийн 600 орчим сурагч оролцсон. Найрал дууны уралдааныг Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мажинбуу, “Уурхайчин” соёлын ордны орлогч захирал Г.Буянжаргал, уран сайхны удирдагч Д.Одончимэг, Орос 19-р сургуулийн захирал Людмила Геннадыевна Семёнова нар нээж үг хэлэн, сурагчдад амжилт хүслээ. Хамтлаг тус бүр орос хоёр дуугаар оролцсон бөгөөд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналт, МУСТА Б.Цэрэндондов, МУСТА, УСО-ны хормейстер Б.Нарантуяа, 19-р сургуулийн орлогч захирал Екатерина Сергеевна нар шүүсэн. Тэргүүн байрыг С.Болормаа багштай “Цайхун-Гэгээ” сургуулийн сурагчдын хамтлаг эзэлж, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14-р сургуулийн Ө.Байгаль багштай хамтлаг удааллаа. Гуравдугаар байрт Орхон цогцолбор, лаборатори 8-р сургуулийн хамтлаг орж, шүүгчдийн нэрэмжит “Шилдэг дуу” төрөлд Орос 19-р сургуулийн сурагчдыг шалгаруулсан.
У.ЦЭРЭНБАТ















