Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал-2015” бага хурлыг энэ сарын 28,29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. 4 дэх удаагаа болж буй тус хурлыг 2012 онд хөдөлмөрийн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ХАБЭА-н сургалт, удирдлагын тогтолцоог сайжруулах талаар төр, бизнес, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах, ХАБ-ын сайн туршлага, мэдээлэл солилцох зорилгоор анх зохион байгуулж байжээ. Энэ удаагийн хуралд Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам хамтран зохион байгуулагчаар ажиллаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцсон нь жилээс жилд тус бага хурлын цар хүрээ нэмэгдэж, үүнд манай төр засаг ихээхэн анхаарах болсныг илтгэж байв. Мөн тус хурлын үйл ажиллагаанд Турк, Герман, Солонгос зэрэг орны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн мэргэжилтнүүд оролцож, өөрийн орны туршлага, үйл ажиллагаанаас танилцуулсан нь өндөр ач холбогдолтой боллоо. Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Оюу толгой, Мега ХХК ажилласан байна. Нийт 250 гаруй төлөөлөгч оролцсон тус бага хурлаас 5 зорилт бүхий зөвлөмжийг боловсруулан, хуралд оролцсон бүх төлөөлөгчид гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Зөвлөмжид ослоос урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааны удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, осолын даатгалын шимтгэл тогтоох аргачлал, үндэслэлийг төгөлдөржүүлэх, гадаадын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллаж, сайн туршлагыг Монгол улсын онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах, осолын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, энэхүү зөвлөмжийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор хамтарсан ажлын хэсгийг талуудын төлөөлөл оролцуулан байгуулах, ажиллах нөөцөөр хангах гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Н.ГАНТӨГС















