“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Геологи хайгуулын ажилд геомэдээллийн өгөгдлийн санг нэвтрүүлэх” гэрээт ажлыг Германы Beak Consultants GmbH компанитай хамтран гүйцэтгэж, өнөөдөр үйлдвэрийн удирдлагуудад тайлагналаа. Тэд геологи хайгуулын ажилд геомэдээллийн өгөгдлийн санг нэвтрүүлэхээр 50 гаруй жилийн геологийн судалгааны ажлын материалуудыг компьютерт оруулж тоон мэдээлэл болгон хөрвүүлжээ. Геомэдээллийн өгөгдлийн санд байр зүйн ба дэвсгэр зурагнууд, геологийн картууд, эрдсийн чулуулгийн бичиглэл, холимог чулуулгийн хувирал, дээжүүдийн шинжилгээний үр дүн, зураглалын анхдагч өгөгдлүүд, геологийн маршрутын журнал, дээжийн геологийн бичиглэл зэрэг өгөгдлүүдийн бүхий л мэдээлэл багтжээ. Цаашид геомэдээллийн өгөгдлийн санг нэвтрүүлснээр үнэлгээний орчин үеийн аргачлалыг ашиглан хайгуулын ажлын өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд үйлдвэрийн холбогдох инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх шаардлага тулгарч байна. “Эрдэнэт” үйлдвэрийн гео мэдээллийн санг улам боловсронгуй болгоход Beak Consultants GmbH компанитай хамтран ажиллах боломжтой гэдгийг тайлангийн үеэр дурьдав.

Н.ГАНТӨГС















