“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл- Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх- Үйлдвэрчний эвлэлийн оролцоо”сэдэвт чуулга уулзалт 4-р сарын 22-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо. Чуулганд МҮЭХ, аймаг, нийслэл, салбарын эмэгтэйчүүдийн хороодын төлөөлөл болсон 300 эмэгтэйчүүд, УИХ-ын нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, ХБНГУ-ын Фридрэх Эбертийн сан зэрэг төр олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Чуулга уулзалтыг хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэсэн найруулга төсөл хэлэлцэж байгаа үед зохион байгуулж байгаагаараа онцлог байсныг төлөөлөгчид тэмдэглэв. Чуулганаар хөдөлмөрийн харилцаанд гүнзгий өөрчлөлт орж байгаа өнөө үед эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой заалтуудыг улам бататгах, эмэгтэйчүүдийн илүү сайжруулсан хамгаалалтыг хөдөлмөрийн хуулинд тусгуулах зорилгоор төлөөлөгчид нээллттэй хэлэлцсэн юм. Тэд ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт, гэрийн үйлчилгээний ажил эрхлэх, эхийн чөлөө, хүүхэд асрах чөлөөний асуудал, ижил хөдөлмөрт адил тэнцүү хөлс олгох, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ зэрэг сэдвээр илтгэл сонсч, хэлэлцэв. Тус чуулга уузалтанд “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хороодын эмэгтэй тэргүүлэгч нар оролцоод ирлээ.

Н.ГАНТӨГС















