Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл дээр гэрээгээр ажиллаж буй “Тунамал-Үйлс”, “Мандах дүүрэн”, “Очир төв”, “РИВС”, “Найпу” зэрэг компанийн ХАБЭА-н өнөөгийн байдлыг өнгөрсөн пүрэв гарагт талууд дүгнэн хэлэлцлээ. Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт “Эрдэнэт” үйлдвэрийн болон гэрээт компаниудын удирдлага, ХАБЭА хариуцсан инженерүүд оролцож осол зөрчил, шалтгаан үр дагавар, авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов. Цаг агаар дулаарсан энэ цаг үед Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил өдөр, шөнөгүй үргэлжилж байгаа бөгөөд ХАБЭА-н хэлтсийн мэргэжилтнүүд 24 цагаар жижүүрлэн хяналт тавьж байна. Гэсэн ч зөрчил дутагдал гарсаар байгааг энэ үеэр анхааруулсан. Өнгөрсөн жил үйлдвэрийн бүсэд 6 осол бүртгэгдсэний 4 нь гэрээт байгууллагын үйл ажиллагаан дээр гарчээ. Гэтэл өнөөдөр өндөрт ажиллаж буй хүмүүс аюулгүйн бүс хэрэглээгүй, ажлын гуталгүй, зориулалтын шат ашиглаагүй, ажлын байрны эмх цэгц муу зэрэг зөрчил гаргасаар байгааг Баяжуулах фабрикийн ХАБЭА хариуцсан инженер Ч.Батжаргал гэрэл зургаар баримт-жуулан үзүүлэв.
Мөн гадны байгууллагын ажилтны буруутай үйлдлээс болж “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнууд удаа дараа осолд өртсөнийг шүүмжилсэн юм. “Эрдэнэт” үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсийн дарга Ч.Бямбаа гэрээт компанийн удирдлагуудад хандан “Та бүхэн ажилтнаа хайрлахгүй бол бид хамгаална. Ашиг болох мөнгөтэй чинь ярина” гэж хатуу анхааруулсан. Тэрээр Компанийн зочид, гадны гэрээт байгууллагын ажилтнуудын ХАБЭА-г хангах тухай шинэчилсэн журамд “Эрдэнэт” үйлдвэрийн нутаг дэвсгэрт ажил гүйцэтгэх явцад ХАБЭА-н давтан буюу ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувиар тооцож торгууль ногдуулах заалт орсныг тайлбарлалаа. Үйлдвэрийн зарим удирдлага “Манай зүгээс ажилчиддаа илүү цагийн мөнгө төлөөд 24 цагаар эдгээр байгууллагын ХАБЭА-д хяналт тавьж байхад хувийн болон нийтийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангахгүй, ашиглахгүй байгаа бол уг заалтыг энэ нөхцөлд ч хэрэгжүүлэх шаардлагатай” гэдэгт санал нэгдэж байв. Ажил гүйцэтгэгч компаниуд ХАБЭА-н зөрчлийн мөрөөр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ амласан.















