Хоёр улсын маршал РОКОССОВСКИЙ

  Дэлхийн хоёрдугаар дайнд Орос, Германы фронтын гол гол чиглэлийг удирдсан Зөвлөлтийн цэргийн нэрт жанжин Г.К.Жуков, К.К.Рокоссовский, И.С.Конев нар цэргийн даргын амьдралаа монголд тодорхой хугацаагаар өнгөрөөж, манай ард түмний төлөө тулалдаж явсан нь тохиолдол гэхээсээ илүүтэй хувь тавилан юм. Эдгээр хүмүүсийг монголчууд манай маршалууд хэмээн бахархан ярьдаг. Энд маршал К.К.Рокоссовскийн тухай өгүүлье. 
 
   
   Германы барон, Оросын генерал, Богд хаант Монгол улсын хошой Чин ван Унгерн фон Штернберг гэгчийг монголын гүн хэргэмтэй язгууртан баривчлан, улаан цэргийн нэрд гараагүй даргад хүлээлгэн өгсөн нь Польшийн язгууртан гаралтай, Варшав хотын төмөр замын машин ч Ксаверий Юзерфович Рокоссовскийн хүү, ирээдүйн нэрт жанжин, маршал К.К.Рокоссовский байлаа. 
   Ийнхүү 1921 онд Монголын нутагт Барон Унгер түүнд амьдаараа баригдан, монгол хүний буянаар улаан цэргийн залуу дарга анх удаа Зөвлөлтийн улс төрийн дээд удирдлагын хараанд өртөн, Улаан тугийн одонгоор шагнуулж байв. 1943 оны 1-р сарын 31-нд Германы 6 дугаар армийн командлагч, генерал-фельд маршал Фридрихфон Паульс гэх өөр нэгэн герман язгууртан Сталинградад /Халимаг улсын нийслэл Элстэй хотоос холгүй/ К.К.Рокоссовскийд штабтайгаа бууж өгсөн нь Германы түүхэнд анх удаа фельдмаршал цолтой хүн дайсандаа амьдаараа баригдсан тохиолдол юм. Дайсныхаа нэг Фельдмаршалыг амьдаар нь буулган авсан Рокоссовский, тэр жилийнхээ зун бас нэгэн фельдмаршал болох Эрих фон Манштейнийг Курскийн цүлхэнд цохилтын чиглэлд нь гүн цуваа хориглолт байгуулан тамирдуулж, давшилтын дүүрэгт цэргээ хурал-дуулж байхад нь артиллерийн галын цохилтыг урьдчилан өгч бут цохисноор, Гитлер германы хамгийн том цэргийн онолч гэж үздэг хайртай Фельдмаршалаа албан тушаалаас нь зайлуулав. Дайсандаа амьдаараа баригдаж үзээгүй гэгддэг германы бүх фельдмаршалууд хожим баригдан ял эдэлсний дотор Манштейн ч мөн багтсан бөгөөд тэрээр дайны дараа “Алдагдсан ялалт” хэмээх ном хэвлүүлсэн. Тэгвэл маршал К.К.Рокоссовский “Цэрэг эрийн үүрэг” хэмээх дурсамжийн ном гаргасан нь монгол хэл дээр ч бий. 
  Гэвч ирээдүйн маршалын зам дандаа дардан байсангүй. Язгууртан гарал, польш удам угсаа нь 1937 оны их хэлмэгдүүлэлтийн жилд Рокоссовскийг польшийн тагнуул, ардын дайсан хэмээн баривчлах хангалттай шалтгаан байв. Эндээс  Рокоссовский мөн л амьд мултарч, 1940 оныг хүртэл Ленинградын шоронд 3 жил хоригдоод маршал Тимошенкогийн ачаар суллагдсан, хошууч генерал Рокоссовский механикжуулсан корпусын захирагчийн хувиар дайныг угтав. Дайны эхний өдрөөс барьц алдалгүй, нөхцөл байдлыг хяналтдаа авч чаддаг Рокоссовскийд Тимошенко итгэл үзүүлсэн нь зөв болж, тэрээр бүслэлтээс гарсан цэргүүдээр бүлэглэл үүсгэж хориглолт зохион байгуулж чадав. 
   1941 оны Москвагийн төлөө тулалдаанд түүний командалсан 16 дугаар армийн хошууч генерал Фанфилов захирагчтай 316 дугаар дивизийн монгол огтор нэхий дээлтэй дайчид Волокаламскийн зам дээр германы танкуудыг зогсоож чадсан бол генерал Доваторын морин дивизид монгол морьд унасан цэргүүд Москвагийн төлөө тулалдаж байлаа. 
   Рокоссовский эхлээд Брянскийн фронтыг дараа нь Сталинградад Доны фронтыг командлав. Рокоссовскийн санаачилгаар дайн эхэлснээс хойш анх удаа бууж өгөхийг шаардсан тулган шаардах бичгийг дайралт эхлэхээс өмнө дайсандаа гардуулав. Ялалтдаа бат итгэсэн жанжин хүн л дайралт эхлэхээс өмнө бууж өгөх сонирхолгүй дайсандаа бэлтгэл хийх бололцоо олгох ийм эгзэгтэй шийдвэрийг зоригтой гаргаж чадах билээ. Хэрэв ажиллагаа нуран унавал тулган шаардах бичиг гардуулах санал гаргасан хүнд цэргийн шүүх ямар ял оноох нь ойлгомжтой. 
   К.К.Рокоссовскийн  өөртөө  итгэлтэй зан, хариуцлага үүрэх зориг зүрхийн үлгэр жишээ ганц энэ тохиолдол биш юм. Түүний жанжны авьяас чадвар хурц тод илрэн гарсан байлдааны операци нь Рокоссовский, Жуков, Васельевский нарын боловсруулж Дээд Ерөнхий командлагч И.В.Сталины баталсан Белоруссыг чөлөөлөх “Багратион” ажиллагаа байлаа. 
   Тухайн үеийнхээ бүх цэргийн онолтой зөрчилдсөн, нэг бус хоёр чиглэлд гол цохилт өгөх К.К.Рокоссовскийн санааг байлдааны төлөвлөгөө боловсруулахад оролцсон бүх генерал Жуков, Васильевский нар ч эсэргүүцэж байв. Гэвч Константин Константинович өөрийнхөө байр сууринд бат зогссон тул “Багратион” төлөвлөгөөг гурван удаа буцаасны дараа Рокоссовскийн саналыг дээд Ерөнхий командлагч хүлээн авч цохилтыг хоёр чиглэлд хийхээр болов. 
   Герман 1941 оны 6-р сарын 22-нд ЗХУ-д довтолсон бол Рокоссовскийн боловсруулсан “Багратион” ажиллагааг 1944 оны 6-р сарын 22-нд эхэлснээр дайсандаа хариуг нь барив. Долоо хоногийн дараа хоёр чиглэлд цохилт өгөх нь ямар том санаа байсныг ухаарсан Сталин 1944 оны 6-р сарын 29-нд армийн генерал К.К.Рокоссовскийд ЗХУ-ын маршалын одыг гардуулсан бол үүнээс сарын дараа 1944 оны 7-р сарын 30-нд түүнд ЗХУ-ын баатрын анхны Алтан таван хошууг нь зүүж өгсөн юм.
  Зөвлөлтийн арми “Багратион” ажиллагааны үр дүнд германы 105 мянган цэргийг олзлон авсан нь Сталинградад олзлогдсон цэргээс даруй 15 мянган хүнээр их байлаа. Москвагийн гудамжаар германы олзлогдсон цэргүүдийг жагсаалаар явуулах Сталины тушаалыг бие-лүүлсний дараа дэлхий дахин энэ ялалтад итгэсэн юм. 
   “Багратион” ажиллагааны дараа-гаас Сталин Рокоссовскийд үлэмж хүндэтгэлтэй хандаж түүнийг Константин Константинович хэмээн бүтэн овог нэрээр нь дуудах болов. 
   Урьд өмнө Сталин зөвхөн маршал Шапошниковыг л ингэж овог нэрээр нь дуудан хүндэтгэн харьцдаг байжээ. И.В.Сталин улс төрийн холын хараатай удирдагч хүний хувьд заримдаа хайртай жанжнаа өөрийн эрхгүй гомдооход хүргэдэг байлаа.    Ийм явдал Сталин, Рокоссовский хоёрын дунд 1944 онд болсон гэдэг. Белоруссын 1 дүгээр фронтын командлагч Рокоссовскийд Сталин өөрөө утасдан, түүнийг Белоруссын 2 дугаар фронтын командлагчаар томилж, оронд нь Г.К.Жуковыг тавьснаа мэдэгдсэн байна. 
   Польшийн цагаачлалын Засгийн газар Лондонд үйл ажиллагаа явуулж, зөвлөлтийн талтай зөвшилцөлгүйгээр Варшавт бослого эхлэн, польшууд өөрсдийгөө чөлөөлөхийг хүссэн нь Сталин Польшийг чөлөөлөх үүр-гийг Рокоссовскийд, өөрөөр хэлбэл Польш хүнд даалгах бололцоогүй болгосон байна. Польшийг чөлөөлөх, Берлинийг эзлэх операцуудыг орос жанжинд даалгах нь улс төрийн үр дагавар багатай гэж Сталин үзсэн байна. Иймээс Берлиний операцийг Белоруссын 1 дүгээр фронтын /хуучин К.К.Рокоссовскийн командалж байсан фронт/ командлагч Г.К.Жуков, Украйны 1 дүгээр фронтын командлагч И.С.Конев нарт даалгасан юм. Рокоссовскийд Польшийг чөлөөлөх, Берлинийг эзлэх хувь улс төрийн шалтгаанаар олдоогүй ч Сталин чухамхүү түүнд л 1945 оны 6 дугаар сарын 24-ний Ялалтын парадыг командлах нэр хүндтэй үүргийг ноогдуулсан билээ. Энэ нь Сталины зүгээс К.К.Рокоссовскийн жанжны авьяас чадварыг зүй ёсоор үнэлсэн үнэлгээ төдийгүй, Зөвлөлтийн жанждын дотор түүний эзлэх байр суурийг зааж өгсөн үйлдэл байсан гэж үзэж болно.  Г.К.Жуков парадыг хүлээн авсан юм. 1945 оны Ялалтын парадыг нэг нь командалж, нөгөө нь хүлээн авч байсан хоёр маршал 1955 онд НАТО-гийн эсрэг социалист улсуудын цэргийн эвсэл байгуулах Варшавын гэрээнд гарын үсэг зурахад К.К.Рокоссовский Польшийн Үндэсний батлан хамгаалах яамны сайд, Польшийн маршалын хувьд гарын үсэг зурж байв. 
   Польшийн зургаан маршалын нэг, ЗХУ-ын маршал, магадгүй дэлхийд цорын ганц ч байж мэдэх хоёр улсын маршал, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улсын Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт энэ жанжны мэндэлсний 120 жилийн ой 2016 оны 12 сарын 21-нд тохиох юм. 
 
Цэргийн штабын офицер дэд хурандаа Л.БОЛД
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %