Хөдөлмөрийн яамнаас “ХАБЭА-н соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор сарын аян зарлалаа. Энэ хүрээнд манай үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс цуврал үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Цех, хэлтсийн удирдлагын түвшинд “ХАБ-ын соёл ба манлайлал” сэдэвт семинар ярилцлага хийх, Өндөр эрсдэлтэй ажил гүйцэтгэдэг хүмүүст хяналтын хуудас нэвтрүүлэх, Өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс хамгаалах арга барил ажиллагчдад эзэмшүүлэх үүднээс “Аюулгүй байдал надаас эхэлнэ” уриан дор мэдээлэл түгээх, “Өндөрт аюулгүй ажиллацгаая” сэдэвт цуврал үйл ажиллагаа зохион байгуулах юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт үйлчилгээ үзүүлдэг гадны байгууллагын удирдах ажилтнуудад “Компанийн зочид болон гадны байгууллагын ажилтнуудын ХАБЭА-г хангах журам”-ыг сурталчлах сургалт явуулах аж. Уг уулзалт сургалтанд Ерөнхий захирал, түүний Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч оролцоно. Түүнээс гадна гурван замын уулзварын туслах хэсэгт аймгийн захиргааны хүсэлтээр хашлага, тэмдэг тэмдэглэгээ байрлуулахаар бэлтгэж байна.
Олон улсын ажлын байран дахь ХАБ-ын дэлхийн өдөр 4-р сарын 28-нд тохионо. Үүнтэй холбогдуулан үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж ар гэрт нь тусламж үзүүлэх ажээ.
М.ОДГЭРЭЛ















