Өнгөрсөн лхагва гарагт Монгол цэргийн өдөр буюу Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баяр тохиолоо. Энэ өглөө эртлэн “АБК”-г зорьсон юм. Машинаас буухад цэрэг, эх орны сэдэвт дуу өсгөгчөөр хангинаж байв. Үйлдвэрийн цэргийн хүрээнийхэн болох Гэрээт цагдаагийн хэлтэс, Гал унтраах 058-р ангийн бие бүрэлдэхүүн жагссан, Захиргаа аж ахуйн цехийн хүүхнүүд ёслолын цагаан цамц, хар юбкаар жигдэрч улаан алчуур хүзүүндээ зангидсан нь нэн жавхаатай харагдана. “Уурхайчин” соёлын ордны дуучид цэргийн хувцас, цагаан бээлий өмсчихсөн, орж гараад хэн нэгнийг хүлээж ядна. Удалгүй хамгаалалтын машины араас ажиллагчдын 07:05 цагийн автобусны цуваа ирлээ. Тэнд байсан хүмүүс хөдөлгөөнд орж байраа эзлэв. Ажилдаа яаран цөөн, бөөнөөрөө цувран орж ирэх хүмүүсийн царайд гайхаж алмайрсан, баярласан шинж тод илэрнэ. Үүдний хаалганы өмнө Монгол, Оросын төрийн далбааг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тугтай хамт хүндэтгэлтэй байрлуулан буутай цэргээр хамгаалуулжээ. Үйлдвэрийн зарим ажилчид зогтусан гайхсанаа Захиргаа аж ахуйн цехийн хүүхнүүдийн мэхийн ёсолж инээмсэглэн угтах сүрд бантан хурдан өнгөрч одно. Тэгснээ хэзээ хойно юу болоод өнгөрөв гэсэн янзтай эргэж харан байдлыг ажиглан, эрчүүд бие биедээ баяр хүргэх нь сэтгэл хөдөлсөнийх. Миний ойролцоо зогсох хоёр нөхөр хоорондоо “Эрчүүдийн баяр ч үнэхээр сайхан эхэлж байна даа. Дүрэмт хувцастай залуусыг харсан чинь цэрэгт байсан үе санагдчихлаа” гэхэд нөгөө нь “Угтаа бол мөрдэс зүүсэн энэ хүмүүсийн баяр юм шүү дээ. Гэтэл биднийг баярлуулах гээд эд маань үүр цүүрээр ингээд жагсаж байдаг. Цэргийн хүн тушаалаар явдаг хойно яалтай ч билээ дээ” гэж ярих нь чих дэлсэнэ. Цоглог хөгжмийн ая, цэргийн жагсаал, ёслолын хувцастай хүүхнүүд энэ өглөөний өнгө байв. Хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн энэхүү үйл ажиллагааг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдагч эмэгтэйчүүдийн “Ариадна” клубийн бүсгүйчүүд санаачилжээ. Тэд Монгол уурхайчдын сүлд дуу болсон МУСГЗ Д.Дашдондовын үг, МУСТА Д.Пүрэвсүрэнгийн аялгуу “Уурхайчин би” дуу-ны үгийг биедээ, халаасандаа байнга авч явах зориулалттайгаар хэвлэж ажиллагчдад тараасан нь эрчүүдийн сэтгэлд нийцсэн бэлэг байлаа. Энэ картны нөгөө талд “Эрдэнэт үйлдвэрийн ажилтан та Эх орны бахархал” гэж бичжээ. Мөн буланд нь “Эрдэнэт” үйлдвэрийн лого бүхий энгэрийн мөнгөн зүүлт, уурхайчдын тэмдэг хатгасан байв. Энэ өдөр “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг эр хүн болгон энгэрийн тэмдгээр ижилсэн гоёж баярласан.
Бид үйлдвэрийн бүсээс уруудан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байранд ирвэл мөн л Гэрээт цагдаагийн хэлтэс, Гал унтраах 058-р ангийн захирагч нар бие бүрэлдэхүүн-тэйгээ жагссан, үйлдвэрийн бэлгэдэл ногоон өнгийн алчуураар ижилссэн “Гендирекц”-ийн хүүхнүүд эрчүүдээ хүндэтгэлтэй угтахтай таарлаа. “Гендирекц”-ийн үүднээс хоймрын шат хүртэл улаан хивс дэвсжээ. Заалны хоёр талаар цэргийн хүрээнийхэн болон хүүхнүүд дугуйран зогссон нь нэн сүртэй агаад зохимж төгс. Цэргийн баярын үйл ажиллагааг санаачилсан эзэд болох үйлдвэрийн эмэгтэй удирдагчид энд олноор харагдав. Тэд эрчүүдэд сэтгэлийн бэлгээ мөн тараасан. Түүнээс гадна үйлдвэрийн эрэгтэй удирдагчдад эрдэнийн чулуугаар сийлж урласан 4 бэрхийн шагайг дэвсгэр бүхий гоёмсог уутны хамт бэлэглэсэн юм. Атгасан хүнд энерги, эрч хүч өгөх эрдэнийн чулуун шагайг “Эрдэнэт” үйлдвэрийн бэлэг дурсгалын брэнд бүтээгдэхүүн болгомоор санагдсан. Хүн гэдэг сэтгэлийн “амьтан” болохоор эрчүүд болгоны царайд инээмсэглэл гийсэн харагдана. Манай сонины редактор “Бүсгүйчүүдийнхээ санаачилгаар ингэж нэг улаан хивсэн дээгүүр алхдаг байжээ” гэж хошигнон өдрийг сэтгэл өөдрөг эхлүүлсэн. Уул уурхайн салбарт эрчүүд голдуу ажиллаж, ачааны хүндийг үүрдэг. Тэд Монголын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө зүтгэдэг. Тэр утгаараа улсын ноёр нурууг дааж явдаг мөнхийн “цэрэг” эрс юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдагч эмэгтэйчүүдийн “Ариадна” клубийн бүсгүйчүүд цэргийн баярын мэндчилгээг эрчүүдэд өвөрмөц хэлбэрээр хүргэх санаачилгыг дэмжиж хамтран хэрэгжүүлсэн Гэрээт цагдаагийн хэлтэс, Гал унтраах 058-р ангийн бие бүрэлдэхүүнд хүн бүр энэ үеэр талархан баяр хүргэж байв.


М.Одгэрэл















