“Хаан хүнс” компанийн “АБК”-д үйл ажиллагаа явуулдаг хоолны газарт засвар хийж байгаатай холбогдуулан ажиллагчдыг халуун хоолоор хангах асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар холбогдох албаны хүнээс тодруулна хэмээн өмнөх дугаарт мэдээлсний дагуу Хүний нөөцийн хэлтсийн менежер Д.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.
-Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас барилгын болон хүнсний чанарын аюулгүй байдал хариуцсан хяналтын Улсын байцаагч нар өнгөрсөн оны 7, 9, 11-р сард манайд үзлэг хийсэн юм. Үзлэгээр “АБК”-ийн ажилчдын хоолны газар эрсдэл өндөртэй гэж дүгнэгдсэн. Барилгын хувьд үнэхээр засах шаардлагатай байсан. Өмнөх компани бага зэрэг урсгал засвар хийж явсаар өдий хүрсэн. Өнөөдөр зоригтой, зөв шийдвэр гаргаж ажиллагчдын эрүүл, аюулгүй байдлын төлөө засвар хийж байгаа нь сайн хэрэг. Хоногт 2000 орчим хүн АБК-ийн гуанзанд зөөврөөр болон байнгын хооллодог. Амралттай, чөлөөтэй, сургалтанд явсан хүмүүсээ хасахад өдөр тутам 1800-аад хүн байнга хооллодог гэсэн үг. Одоогоор Хүдрийн ил уурхай, Авто тээврийн байгууллагын зарим ажилчид АТБ-ын Тусгай зориулалтын машин механизмын хэсэг дээр Хүдрийн ил уурхайн халуун хоолны газар очиж хооллож байна. Бусад хүмүүс гэрээсээ зөөгөөд, ажил дээрээ ээлжээр хоол хийж идээд зохицуулаад явж байна. Эдгээр хүмүүсийн хоолны мөнгийг 3-р сарын цалин дээр бодож олгуулахаар шийдвэрлэсэн. Хамгийн гол нь манайхан өөр цех дээр хоол идсэн эсэхээ хөдөлмөрийн эдийн засагч, хүний нөөцийн менежертээ бүртгүүлэх ёстой. Жишээ нь сард 22 өдөр ажиллалаа гэхэд 10 хоногт нь хоол идсэн, үлдэгдэлд нь идээгүй гэрээсээ зохицуулсан гэдгээ шудрагаар бүргүүлж хоолны мөнгөө авна. Гэхдээ ээлжийн ажиллагчдын шөнийн, өдрийн хоолны үнэ ялгаатай.















