Монгол улсын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг тэргүүтэй ажлын хэсэг өнөөдөр Орхон аймагт ажиллаж, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй катодын зэсний “Ачит Ихт” ХХК, молибдени баяжуулах “Шим технолоджи” ХХК, “Эрдэнэт ойл” ХХК, “Бэрэн металл” ХХК-ийн ширэм гангийн үйлдвэр, “Эрдэнэт хивс” ХХК-ийн нано технологийн даавууны үйлдвэр зэрэг аж үйлдвэрүүдтэй танилцлаа. Аж үйлдвэрийн сайдын энэ удаагийн томилолтын багийн бүрэлдэхүүнд яамны хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга, чөлөөт бүсийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн хэлтсийн дарга, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, газрын тос, нүүрс химийн үйлдвэрийн хэлтсийн дарга нар багтжээ. Ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажилтай танилцав. Компанийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил 95 хувьтай явагдаж байгааг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу онцлоод “Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр боловсруулалтыг 6 сая тонноор нэмэгдүүлэх энэхүү төслийг дуусгахаар өвлийн улиралд ч ажил өрнөж байгааг хэллээ.
Монгол улсын хамгийн том машин үйлдвэрлэлийг “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод явуулдаг. Тус завод нь сүүлийн жилүүдэд импорт орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж бусад уул уурхайн компанийн захиалгаар тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх концепцид Засвар механикийн заводыг уул уурхай, металлург, хөдөө аж ахуйн үндэсний хэмжээний бие даасан үйлдвэр болгохоор төлөвлөж байгаа талаар үйлдвэрийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу танилцуулсан.
Монгол улсын аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэргүүтэй ажлын хэсгийн томилолт Дархан-Уул, Сүхбаатар аймагт үргэлжилнэ. Дархан-Уул аймагт “Дархан үйлдвэрлэл технологийн парк” ОНӨХК, Сүхбаатар аймагт Алтанбулаг чөлөөт бүс, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй худалдааны төвийн барилгын ажлын явц, махны ангилал, хадгалалт, анхан шатны боловсруулалт, цай, плитаны цавууны үйлдвэрүүдтэй танилцах юм байна.




















