“Эрдэнэт” үйлдвэрийн “Эрдсүлж” ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөнгөн үйлдвэрийн салбараас төрөн гарсан, анхны Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Гүнжилхам, Л.Дашням, Н.Дугуйцагаан нарыг урьжээ.

Хөдөлмөрийн баатрууд “Эрдсүлж” компанийн ажлын байраар зочилж, “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Тус компанийн эмэгтэйчүүдийн баярын үйл ажиллагаанд баатрууд оролцож, оёдолчидтой халуун дотно яриа өрнүүлж, ажил амьдралын арвин туршлагаасаа хуваалцав. Энэ үеэр Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Гүнжилхам: “Эрдэнэт” үйлдвэр дэргэдээ ажлын хувцасны ийм том үйлдвэртэй байгаа нь тун сайхан байна. Оёдлын иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг цөөн үйлдвэрийн нэг нь Эрд-Сүлж. Энэ үйлдвэрээр ороход хөдөлмөрийн талбарт хүчээ зориулж байсан ид үе маань санагдаад сайхан байна” гэв.



Н.Гантөгс















