Жил бүр “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд болон хэлтсийн дарга, орлогч, ерөнхий мэргэжилтнүү-дийн бүрэлдэхүүнтэй балансын төв комисст цехүүдийн дарга, эдийн засагч нар өнгөрсөн оны үйлдвэрлэл, санхүү, аж ахуйн ажлын үр дүнгээ дэлгэрэнгүй танилцуулж хэлэлцүүлдэг уламжлалтай. Бая-жуулах фабрик 2014 оны үйлдвэрлэл, санхүү, аж ахуйн үйл ажиллагаагаар “онц” үнэлэгдсэн. Тэгэхээр тус хамт олныг “Онцчууд” гэж нэрийдэх нь зүйн хэрэг.
Өнгөрсөн пүрэв гарагт “Уур-хайчин” соёлын ордны их танхимд ямар нэгэн сонирхолтой үйл ажиллагаа болох нь тодорхой, хүнээр дүүрсэн байв. Тайз голлуулан улаан хивс дэвсэж, баруун талд нь индэр байрлуулжээ. Удалгүй хөтлөгч Хөвөрсөн сувд шиг хүдэр урсгасан, Хөвүүлэх машинууд нь эрдэнэ ялгасан, Булинга тунгааж баялаг хайсан, Баяжмал хатааж зэс гялтгануулсан баяжуулагчдад мэндчилгээ дэвшүүлэхэд “онцчууд” Хөдөлмөрийн аваргаа тодруулан шагнаж алдаршуулах ёслол болохыг сая ойлгов. Энэхүү үйл ажиллагааг нээж Баяжуулах фабрикийн даргын зөвлөх Р.Дэлгэр хэлсэн үгэндээ:
-Манай бүтээлч хамт олон морь жилд арвин их амжилттай ажиллалаа. 2014 онд төлөвлөгөөнөөс 126 мянган тонн хүдэр, 4525 тонн зэсийн, 643,5 тонн молибдений баяжмал илүү гаргасан. Мөн бүтээмж дээшлүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бидний туршлага дээр үндэслэн үйлдвэрийн цех, хэсгүүдэд бүтээмжийн хөдөлгөөн өрнөөд байна. Нунтаглан баяжуулах хэсгийн зэс молибдений баяжуулалтын 82, 84, 85 флотмашиныг шинэчилж ашиглалтанд орууллаа. Ингэснээр тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшилж үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд давж биелэхэд нөлөөлсөн. ӨНХ-ийн том бутлалтын 2-р шугам, хавтант тэжээгүүр болон конвейрыг шинээр угсарч ашиглалтанд хүлээн авлаа. Өөрөө нунтаглах хэсэгт хагас өөрөө нунтаглах тээрэм суурилуулах бэлтгэл ажил эхлээд байна. Хоёрдугаар улиралд ӨНХ-ийн өргөтгөлийн ажлыг дуусгаж ашиглалтанд оруулна. ХАА-д булинга шахах 750NZJ-2150 маркийн насосыг суурилуулж ажилд залгасан нь хүдэр боловсруулах хүчин чадал нэмэгдэх чухал ажлын нэг юм. Ингэснээр бид компанийн орлогыг 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хэмнэлтийн бодлогын хүрээнд 90 гаруй сая төгрөг хэмнэсний 20 орчим сая нь ажиллагчдын хүчин чармайлттай холбоотой. 2014 онд Баяжуулах фабрикт шинээр 120 гаруй иргэн ажилд орсныг дадлагажуулах, хөдөлмөрийн хамт олны дунд төлөвшүүлэх, чадваржуулах, ажлын дадлага туршлага эзэмшүүлэх хариуцлагатай үүрэг та бидний өмнө тулгараад байгааг онцлов.

Дашрамд сонирхуулахад энэхүү үйл ажиллагааны шигтгээ болсон урлагийн үзүүлбэр бүр Баяжуулах фабрикийн ажиллагчдын оюуны бүтээл, авьяасын дээж байсан нь гайхалтай. Тухайлбал, бүтээмжийн менежер Л.Уранцэцэгийн үг, Билэг-жаргалын ая “Баяжуулагчдын дуу”-г Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин, МУСТА Отгондалай, Дулаан агааржуулалтын албаны засварчин Хасбат, ӨНХ-ийн краны машинч Соронзонболд нар дуулж эхлүүлсэн бол Эдийн засгийн товчооны дарга Н.Болормаагийн үг, Б.Нарантуяагийн ая “Баяжуулагч бүсгүй” дуугаар үргэлжлэх жишээтэй. Дараа нь НБХ-ийн технологич Бат-Эрдэнэ, ӨТА гагнуурчин Галданжамц нар морин хуурдав. Дараа нь ӨНХ-ийн конвейрийн машинч Гэрэлтзул “Ихэр саран” дууг Сарантуяа гавьяатаас дутахгүй уянгалуулав. Энэ үеэр Засгийн газрын шагнал Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр Дотоод тээврийн албаны жолооч Нямдаваа энгэрээ мялааж ая дуу өргөсөн.
“Ялгуусан” хэмээх модон морь жилийн Баяжуулах фабрикийн Хөдөлмөрийн аваргаар Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин Г.Оюун-дэлгэр, конвейрийн машинч Л.Саранцацрал, Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулагч О.Баттулга, засварчин Х.Байыт, гагнуурчин Б.В.Анатольевич, Шүүн хатаах хэсгийн ахлах механик Ю.А.Нико-лаевич, жижүүрийн засварчин С.Хатанбаатар, Өөрөө нунтаглах хэсгийн тээрмийн машинч Д.Мөнх-баяр, Урвалжийн хэсгийн тээрмийн машинч К.Жамбал, Засварын хэсгийн гагнуурчин Ж.Рэгзэн, ээлжийн мастер Э.Бат-Эрдэнэ, Дулаан агааржуулалтын албаны хийн үлээгүүрийн машинч Д.Нарантуяа, Өргөх тээвэрлэх албаны засварчин Х.Хосбаяр, Механик засвар бигнүүрийн албаны токарьчин Ч.Ганболд, ХАА-н засварчин Н.Сэлэнгэ, Аж ахуйн хэсгийн үйлчлэгч П.Алтанцэцэг, Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн инженер М.Лхагвасүрэн, Дотоод тээврийн албаны жолооч Н.Бат-Эрдэнэ, арга зүйч С.Должинсүрэн, оператор Ц.Түмэнжаргал нар тодорлоо. Ёслолын энэхүү үйл ажиллагаа Баяжуулах фабрикийн Ерөнхий эрчим зүйч Д.Цагаачийн шүлэг, Б.Цэрэндондовын аялгуу “Баяжуулагч би” дуугаар өндөрлөв.















