“Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын бүтээмж чанарын “Бөөрөлзгөнө” дугуйлан Технологийн гаражийн эко байгууламжийн орчныг тохижуулан, шөнийн ээлжийн ажилчдад таатай орчин бүрдүүлж туузан гэрэлтүүлэг хийжээ. Мөн дугуйлангийн гишүүдийн санаачилгаар хоёрдогч түүхий эд материал ашиглан ахуйн хэрэгцээний зүйлсийг урлан үйлдвэрлэсэн байна. Актлагдсан Белаз машины нимгэн листээр галын тулга, хэрэгцээгүй болсон хорны савыг ашиглаж уур нүдүүр, ашиглалтын шаардлага хангахгүй болсон агаар шүүгчийн төмөр тороор ааруулын дэлгэц, тогооны халив, жигнүүр зэргийг хийжээ. Дээрх бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд оруулан хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ахуйн хэрэгцээнд ашиглах боломжтойг нь баталгаажуулсан байна. “Бөөрөлзгөнө” дугуйлан өөрсдөө хийсэн ахуйн хэрэгцээний бүтээлүүдээ худалдан борлуулж орлогоор нь байгууллагынхаа орчны тохижилт, гэрэлтүүлэг, чимэглэлийг хийжээ.


















