Эрдэнэт үйлдвэрийн удирдагч эмэгтэйчүүдийн Ариадна клубийн хүүхнүүд аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хөрөнгө оруулж, хүүхдийн тоглоомын танхим, эцэг эхийн гал тогоо, эмчийн үзлэгийн өрөөг бүрэн тохижуулав. Тавилгажуулсан өрөөнүүдийг өнгөрсөн лхагва гарагт эздэд нь хүлээлгэн өгөх ёслол боллоо. Энэ үеэр Хүүхдийн тасгийн эрхлэгч, их эмч Д.Баасанжав “Өвчтэй хүүхдийн сэтгэл зүйд гэртээ байгаа мэт мэдрэмж төрүүлэх, амар тайван орчин бүрдүүлэх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. Тиймээс энэ хөрөнгө оруулалтанд бид баярлаж байна” хэмээн онцолсон. Цагаан нөмрөгтэй эмч, сувилагч нараас эмээдэг хүүхдийн айдсыг үргээх, тайвшруулан саатуулах, асран хамгаалагчид нь хүүхэддээ халуун хоол хийж өгөх тав тухтай боломж нөхцөлийг бүрдүүлсэн “Ариадна” клубийн манлайлагч бүсгүйчүүдэд эмнэлгийн ажилтнууд, эцэг эхчүүд талархаж байв. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдагч эмэгтэйчүүд гурван өрөөг тохижуулахад 15 сая төгрөгийн хөрөнгө оруулж, хүүхдийн сандал, ширээ, тоглоом, эмчийн болон гал тогооны өрөөний тавилга, сургалтын дэлгэцүүдийг байрлуулсан байна. Тэдний хэрэгжүүлсэн сайн үйлсэд “Эрдэнэт” үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо, Баяжуулах фабрикийн Залуучуудын холбоо хамтран оролцсон юм. “Эрдэнэт” үйлдвэрт удирдах ажил эрхэлдэг орос, монгол 12 бүсгүй “Ариадна” клубийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд тэд удахгүй Баяжуулах фабрикт сэтгэл зүйн алжаал тайлах, Эмнэлэг сувиллын албанд залуу ээжүүдэд зориулсан зөвлөлгөө өгөх төв байгуулахаар төлөвлөжээ.


















