Эрдэнэт сувилал цогцолборын Дүрс оношилгооны кабинетад Япон улсад үйлдвэрлэсэн Shimadtsu-Flexavision FD маркийн дижитал рентген аппарат, FUJINON маркийн улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэс, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн аппарат, UUSS-H60 загварын хэт авиан оношилгооны ЭХО аппарат хүлээн авлаа.
Дижитал рентген аппаратаар толгой, хүзүү, сээр бүсэлхий нугалмууд, уушиг, зүрх, үе мөчний рентген зураг авах юм. Энэ аппаратын тусламжтайгаар рентгенээр харах, ходоод, улаан хоолой хэвлийн хөндийн эрхтэнүүдийн тодосгогч бодистой рентген шинжилгээ хийх боломжтой боллоо.
Эхо аппаратаар хэвлийн хөндий болон бага аарцгийн хөндийн эрхтэнүүдийн хэт авиан шинжилгээ, зүрх судас, эмэгтэйчүүдийн оношилгоо хийхээс гадна шинээр бамбай булчирхай, хөх, үе мөч, булчин шөрмөсийг үзэж оношилно.
Мөн Лабораторит цагт 200 шинжилгээ хийх хүчин чадалтай Герман улсын HumaStar-200 маркийн Биохимийн бүрэн автомат анализаторыг суурилуулсан байна.
Ингэснээр шинжилгээний нэр төрөл олширч, чанар сайжрах төдийгүй шинжилгээний хариу автомат-аар гарах юм. Нүдний кабинетад KOWA VX10 маркийн нүдний дурангийн аппарат шинээр суурилагдсан байна. Уг аппарат нь нүдний уг дурандан оношилж, зургийг нь авдгаараа өмнөхөөсөө давуу талтай юм. Шинэ тоног төхөөрөмжүүдээс ЭХО аппарат ажиллаж эхэлсэн бөгөөд бусдыг нь ажиллуулахад бэлтгэж, эмч мэргэжилтнүүдийг сурган дадлагажуулж байна. Ийнхүү Эрдэнэт сувилал цогцолборт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжүүд ашигласнаар ажиллагчдын эрүүл мэндийн оношилгоонд дэвшил гарна гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна.
Я.ЭНХТУЯА















