Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагынхан микро автобусны дуудлагын үйлчилгээ нэвтрүүллээ. Өнөөдөр үйлдвэрийн хэмжээнд жижиг оврын 20-иод автобус цех, нэгжийн үйлчилгээнд явж байна. Тэдгээрт алсын зайн хяналтын төхөөрөмж суурилуулсан бөгөөд үүгээр хянаж судлахад микро автобусууд өдөрт ердөө нэгээс дөрвөн цаг ажилд явж байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл бусад үед сул зогсож байна гэсэн үг юм. Гэсэн ч ерөнхий ажилласан хугацаа нь 10 гаруй цаг гардаг аж. Эндээс үргүй зардал их гарч байна гэж удирдлагууд дүгнэсэн байна. Иймээс үргүй зардлыг багасгах, машин техникийн ашиглалтыг сайжруулах, хэрэгцээтэй газар нь шаардлагатай машинаар хангах зорилгоор дуудлагын энэхүү үйлчилгээг нэвтрүүлэв. Ингэснээр машины сул зогсолт буурч, үргүй зардал багасаад зогсохгүй авто машины ашиглалт сайжирч, эдийн засгийн хэмнэлт гарах юм.
Эхний ээлжинд Авто тээврийн байгууллагын мэдлийн микро автобусууд уг үйлчилгээнд хамрагдах бөгөөд цаашид шаардлагатай гэж үзвэл цех, нэгжийн харьяанд буй энэ төрлийн машиныг ч татан оролцуулахыг үгүйсгэхгүй гэж тус цехийн дарга мэдээлсэн. Тэрээр мөн “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд машины хангалт хүрэлцээтэй, гагцхүү жолоочийн орон тоонд баригддаг тал бий гэж ярив.
Авто машины дуудлагын үйлчилгээг Ашиглалтын алба, диспетчерүүд хариуцан явуулах ажээ.















