Эрдэнэт үйлдвэрийн Энэрэл төвийн хүүхэд багачууд сурагчдын амралтыг тохиолдуулан өөрсдийн санаачлагаар уурхайчин ах эгч нартаа зориулан “Баярлалаа” өдөрлөгийг зохион байгууллаа.
Бүтэн өнчин хүүхдийн асрах газар “Энэрэл” төвд одоогоор 4-18 насны 42 хүүхэд амьдарч хүмүүжиж байна. Тус төв нь Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын дэмжлэгтэйгээр Монголын Скаутын холбоонд нэгдэж, дөрвөн бүлэгт хуваагдан үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд Скаутын бүлгүүд “We are leaders” уралдааныг зарласнаар ахлах ангийн сурагчид “Баярлалаа” өдөрлөгийг зохион байгуулжээ. Хамгийн түрүүнд тэд Эрдэнэт үйлдвэрийн ах эгч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн урлагийн тоглолтоор бэлэг барьлаа. Мөн өөрсдийн бэлдсэн халуун аарцаар дайлав. Эрдэнэт үйлдвэрийн нийт цех хэлтсүүд тус төвийн хүүхдүүдийг хуваарилан авч, тэдний сурлага, урлагийн амжилт, хувийн хөгжил, амьдрах орчин зэрэг нөхцлүүдэд нь анхааран ажиллах болсон зэрэг олон сайн үйлс, тусламжийн үйл ажиллагааг Энэрэл төвийн хүүхдүүдэд зориулдаг. Энэ санаачилгыг үйлдвэрийн дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбоо санаачлан эхлүүлжээ.
“Баярлалаа” өдөрлөгийн үеэр Энэрэл төвийн хорь гаруй хүүхэд дуу, бүжиг, скаутын флаш моб бүжгээр ах эгч нартаа мэндчилгээ дэвшүүлсэн. Ийнхүү тус төвийн хүүхдүүд Захиргааны нэгдүгээр байранд ажиллаж байгаа уурхайчин ах эгч нартайгаа цайны цагаар нь уулзаж, үргэлж хэлж чаддаггүй чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ.















