Нэгэн цаг үед “Эрдэнэт” үйлдвэрийн “Шилдгийн шилдэг ажилтан”-аар тодорч байсан Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Ч.Баасанбаатартай уулзаж шинэ жилийн дурсамжаас нь хуваалцлаа.
-Танд удахгүй болох шинэ оны баярын мэнд хүргэе
-Баярлалаа.
-Танай хамт олны шинэ жилийн баяр сайхан болов уу?
-Сайхаан. Шинэ жил хүний амьдралд тохиолддог чухал үйл явдал. Өнгөрч буй ондоо хийж бүтээснээ дүгнэж, ирэх жилийн ажлаа төлөвлөдөг үе. Шинэ жилийн баяраар амжилт бүтээл гаргасан олон ажилтан шагнуулж, сугалаанд азаа сорьж их сайхан баярлалаа.
-Таны хувьд 2017 онд хэр амжилт бүтээлтэй байв?
-Тун дажгүй. Хамт олон удирдлагууд маань миний хөдөлмөрийг үнэлэн шинэ жилийн баярын үеэр Засгийн газрын шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагналаа.
-Та нэгэн цаг үед “Эрдэнэт” үйлдвэрийн Шилдгийн шилдэг ажилтан болсон. Тэр үеэ дурсвал?
-Би маш их баярласан. Ерөнхий захирлын нэрэмжит шинэ жилийн үйл ажиллагааны сүрлэг сайхан тайзны дэлгэцэнд миний зураг томоор гарч, намайг алдаршуулан дуудахад итгэж чадахгүй байж билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 ажиллагчаас шалгаран тухайн жилийн дээд шагналыг гардсандаа бахархан омогшиж байсан даа. Энэ нэр хүндтэй шагналыг би гардсан ч ард нь хамт олны минь хөдөлмөр, хичээл зүтгэл байдаг. Иймээс тэдэндээ би үргэлж талархаж явдаг. Өнгөрсөн онд сугалаанд аз таарч, Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газар, уул уурхайн үйлдвэрүүдтэй танилцах аялалд оролцсон. 2010 оны шинэ жилээр Баяжуулах фабрикийн шилдэг ажилтнаар шалгарч явлаа. Ер нь шинэ жил болгон надад мартагдашгүй дурсамж үлдээдэг.
-Та “Эрдэнэт” үйлдвэртэй ажил амьдралаа хэзээнээс холбосон бэ?
-1985 онд Эрдэнэт хотын нэгдүгээр сургуулийг дүүргээд “Эрдэнэт” үйлдвэрийн Урвалжийн хэсэгт ачигч уусгагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1992 онд Нунтаглан баяжуулах хэсэгт тээрмийн машинчаар одоог хүртэл ажиллаж байна. Багадаа ааваасаа өнчирсөн 18 настай жаахан хүү намайг сайхан хамт олон түшиж авсан. Ууган эгч маань “Эрдэнэт”-д илгээлтээр ирээд Хөвсгөлийн Тариалан сумаас ээж, ах, дүү биднийг авчирснаар эндэхийн хүн болсон доо. Миний ах Амгалан дүүдээ мэргэжлээ эзэмшүүлнэ гэснээр би ачигч уусгагчаас тээрмийн машинч руу “урвасан” юм даа/инээв.сурв/. Тээрмийн машинчийн анхны А үсгийг надад Цогт-Очир багш минь заасан юм. Бутлагдсан хүдрийг тээрэмдэж хөвүүлэн баяжуулах машин руу дамжуулдаг энэ сайхан ажилдаа би дуртай. Технологийн болон аюулгүй ажиллагааны дүрмээ ёсчлон мөрдөж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллах шиг сайхан зүйл үгүй.
-Таныг хөдөлмөр хөнгөвчлөх, ажлын байрны эмх цэгцийг сайжруулахад чиглэсэн эдийн засгийн үр ашигтай олон санаачилга гаргасан гэх юм билээ. Энэ талаар яривал?
-Ер нь ганц би ч биш. Манай хамт олон бүтээмж инновацийн үр дүнтэй олон төсөл хэрэгжүүлдэг. Тухайлбал тээрмийн уян схемийг санаачлан хийсний үр дүнд цагт 500 кВт цахилгаан хэмнэж, хүдэр алдалтыг багасгасан.
-Ирэх онд та ямар төлөвлөгөөтэй байна?
-Би “Эрдэнэт” үйлдвэрт тасралтгүй 30 гаруй жил ажиллаад өнөө маргаашгүй гавьяаны амралтандаа сууна. Миний хүү намайг залгамжлан, тээрмийн машинч болохоор зэхэж байгаа. Шинэ оноос “Эрдэнэт” үйлдвэр нэгэн залуу ажилчнаар бүл нэмж байгаад би баяртай байна.
-Хүү тань удам дамжсан тээрмийн машинч болох нь ээ?
-Уг нь хүү маань СУИС-ийн дуулаачийн ангийг дүүргэсэн. Гэлээ ч аавынхаа мэргэжлийг өвлөхөөр Технологийн сургуульд баяжуулагч, тээрмийн машинчийн жилийн курст суралцаж төгссөн. Одоо дадлага хийж байна. Манай үйлдвэр өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилчны нэг хүүхдийг өөрийнх нь ажил мэргэжлийг залгамжлуулдаг сайхан уламжлалтай.
-“Эрдэнэт” үйлдвэр тасралтгүй ажиллагаатай. Та ажил дээрээ шинэ оноо угтах үе байсан уу?
-Байсан. Сонирхолтой л байдаг. Энэ үеэр үйлдвэрийн удирдлагууд ирж шинэ оны мэндчилгээ дэвшүүлээд явах нь ажилчин бидний сэтгэлд дулаан сайхан мэдрэмж төрүүлдэг.
-Төгсгөлд нь та юу хэлэх вэ?
-Улсынхаа эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч, олон хүний сайн сайхан амьдралыг цогцлоож буй үйлдвэрээрээ би бахархдаг. Үйлдвэрээ дагуулан бүхэл бүтэн хотыг бий болгож, ажилчдын болон хотын иргэдийн нийгмийн асуудлыг бүхлээр нь шийдсэн жишиг үйлдвэр өнөөдөртөө Монголд үгүй л байна. Тийм болохоор энэ үйлдвэрийн “эд, эс” болсон бид азтай хүмүүс. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийнхээ нийт хамт олонд шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргалын дээдийг ерөөе.
Я.ЭНХТУЯА















