Монгол улсын 2017 оны Орон нутгийн шилдэг сониноор “Эрдэнэт” үйлдвэрийн Олон нийттэй харилцах албанаас эрхлэн гаргадаг “Өнөөгийн Эрдэнэт” сонин шалгарлаа. Тус сонин нь 30 дахь жилдээ тогтмол хэвлэгдэж байгаа бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр, орон нутаг төдийгүй улс орны эдийн засаг, нийгмийн үйл явдлыг шуурхай мэдээлэхийн зэрэгцээ уул уурхайн үйлдвэрлэл, эгэл уурхайчдын ажил, амьдралын сэдвээр даацтай нийтлэлүүд гарган уншигчдын талархал хүлээсэн тул Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс ийнхүү өргөмжилсөн байна. МСНЭ Монгол улсын 2017 оны шилдэг сониныг тогтмол гаралт, нийтлэлийн чанар, бодлого, хүртээмж, макет дизайн зэрэг шалгуураар тодруулжээ.
“Өнөөгийн Эрдэнэт” сонины уул уурхайгаар мэргэшсэн сэтгүүлч, уран бүтээлчид үйлдвэрлэлийн бодлого шийдвэр, хөдөлмөрийн аюулгүй байдал, техник, технологийн шинэчлэл, эдийн засаг, хэтийн төлөв, уурхайчдын ажил, амьдралын талаар мэдээ, сурвалжилга, хөрөг нийтлэл, ярилцлага, асуудал хөндсөн өгүүлэл зэрэг сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бичиж, төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Улирч буй онд уг сонин уншигчдадаа 40 гаруй дугаарыг ойн баярын сэтгүүлийн хамт бэлэг барьсан юм.
Бүтээн байгуулалт, уул уурхайгаар мэргэшсэн 30 жилийн түүхтэй “Өнөөгийн Эрдэнэт” сонин мэргэжлийн төв байгууллагаасаа ийнхүү шилдгийн өргөмжлөл хүртлээ.















